“Орон нутагт гэмтэл, согогийн тусламж үйлчилгээний ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ“ төсөл амжилттай хэрэгжиж байна
Орон нутагт гэмтэл согогийн үеийн эмнэлгийн тусламжийн чанар хүртээмжийг сайжруулах, үйлчилгээг иргэдэд ойртуулах, сайн туршлага, шинэ инновацийг орон нутгийн эмчилгээнд нэвтрүүлж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулан, сургалт арга зүйгээр хангаж ажиллах зорилгоор ГССҮТ санаачлан Эрүүл мэндийн яам болон Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвтэй хамтран “ОРОН НУТАГТ ГЭМТЭЛ СОГОГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ” төслийг хэрэгжүүлж байна.
Тус төслийг одоогийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ГССҮТ-ийн ерөнхий захирал байхдаа санаачлан эхлүүлсэн бөгөөд төслийн үр дүн эхнээсээ гарч эхлээд байна.
Энэ хүрээнд тус төвийн эмч нарын хамтарсан хоёр баг ээлжээр явж Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд таван сарын хугацаатай байрлан ажиллаж, онолын сургалт явуулах, эмч мэргэжилтнийг чадавхжуулах, тухайн эмнэлгийн эмч нартай хамтран гэмтлийн мэс заслуудыг хийсэн. Тухайлбал, Амбулаториор 850 үзлэг, 57 хагалгаа, Сумдад /Богд, Гучин-ус, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан / - 4 суманд нийт 486 хүнд газар дээр рентген зураг авч оношлогоо хийж, зөвлөгөө өгч, гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж гэмтлийг цаг алдалгүй оношлож, эмчлэх боломжтой болж, хэд хэдэн хүнд өвдөгний үeний мэс заслыг амжилттай хийжээ.
Жишээлбэл тухайн аймагт гэмтлийн 10 төрлийн мэс засал хийгдэг байсан бол тухайн эмч нар мэргэшиж, чадавхжин 22 төрлийн мэс заслыг хийдэг болж үйл ажиллагаа нь өргөжин, тусламж үйлчилгээний чанар сайжирсан.
ГССҮТ-ийн яаралтай тусламжаар үйлчлүүлэгсдийн 13,5 хувь, хэвтэн эмчлүүлэгсдийн 36,3 хувь нь хөдөө орон нутгаас ирж үйлчлүүлж байгаа бөгөөд энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байна. Ийнхүү хөдөө орон нутгаас гэмтэл согогийн тусламж, үйлчилгээ авч байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмж, шинэ технологийг хөдөө орон нутагт нэвтрүүлэх шаардлага урган гарч байна. Тиймээс Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч мэргэжилтнүүдэд ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, эмчилгээний орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлж орон нутгаас ирж үйлчилгээ авч буй иргэдийн урсгалыг бууруулж, цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал ач холбогдолтой юм.
Дашрамд дурдахад ЭМЯ, ГССҮТ-өөс гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах ТӨСЛИЙГ жил бүр 4-5 аймагт хэрэгжүүлэх зорилт тавьж, 2024 он гэхэд 14-16 орчим аймагт төслөө хэрэгжүүлсэн байхаар төлөвлөн ажиллаж байна.