ЭМЯ: БЗД-ийн эмнэлгээс эхтэй голомтод 4, ХСҮТ-ийн 2 эмч, тэдний хавьтал 1 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит 11:00 цагийн мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албан дарга А.Амбасэлмаа: "12-р сарын 25-ны өдөр 14227 хүнд шинжилгээ хийснээс 7 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар батлагдсан.
Долоон тохиолдлын дөрөв нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой бөгөөд хоёр өвчтөн, нэг сахиур, гэр бүлийн хавьтал байна. тус дүүргийн эмнэлгээс эхтэй голомтод нийтдээ 146 хүн өвчиллөө.
Үлдсэн гурван тохиолдлын хоёр ХСҮТ-ийн ажилтан бол тэдний ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрлээ. Эмч, ажилчид халдварын эрсдэлтэй хүнтэй ажиллаж байсан учраас халдвар авсан гэсэн урьдчилсан мэдээлэл байна. ХСҮТ-д тандалт судалгааг явуулж, ойрын хавьтал 112 хавьтлыг тусгаарласан. Мөн дам хавьтал 500 гаруй хүнийг илрүүлж, шинжилгээнд хамруулж байгаа. Урьдчилсан байдлаар 400 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,082 болсон бөгөөд 711 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар 362 хүн эмчилгээнд байгаа.