САЙН МЭДЭЭ: Сэлэнгэ аймагт батлагдсан 217 тохиолдлоос 120 хүн эдгэрчээ
Өнгөрсөн өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж эдгэрсэн иргэдээ татан авах ажлыг зохион байгуулсан байна.
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт батлагдсан 217 тохиолдлоос 120 хүн эдгэрч нутагтаа ирээд байгаа аж.
Эдгээр иргэд болон гэр бүлийн гишүүд нь гэрийн ажиглалтын хугацаан дахь дэглэм журмыг сайтар мөрдөхийг аймгийн Онцгой комиссоос онцгойлон анхааруулж байна. Одоо тус аймгийн батлагдсан тохиолдлоос 97 хүн эмчилгээнд байгаа бөгөөд үүний 21 хүн нь аймагтаа эмчлүүлж байгаа юм. Эдгээр өвчтнүүдийн биеийн байдал хөнгөн, эмчилгээ хэвийн үргэлжилж байгаа ажээ.
Аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид нийт 165 хүнд PCR шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарсан байна.
Мөн 12-р сарын 24-ний өдөр "Ковид-19" халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 352, батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хавьтал тандалтын баталгаажуулах шинжилгээнд 24382 иргэнийг тус тус хамруулжээ. Түүнчлэн коронавирусний халдварын дархлаа тогтоц буюу эсрэг бие тодорхойлох шинжилгээг 1623 албан хаагчаас авчээ.
Сэлэнгэ аймагт өнөөдрийн байдлаар нийт зургаан ажиглалтын, нэг тусгаарлах байранд 70 иргэн хяналт ажиглалтад байна.