Д.НАРАНГЭРЭЛ: Томуугийн вакцин есдүгээр сарын 15-нд ирнэ
Томуугийн вакцины талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Томуугийн вакцины хувьд Монгол Улсын Засгийн газар ДЭМБ-ын гэрчилгээтэй үйлдвэрээс вакциныг авдаг.
Эхний байдлаар Засгийн газрын хөрөнгөөр 120,000 хүн/тун вакцин захиалсан. Мөн вакцин дархлаажуулалтын "Global Alliance" байгууллагаас гэрээний хүрээнд 80,000 хүн/тун вакцин ирнэ. Ингэснээр эхний ээлжид 200 гаруй мянган хүн/тун вакциныг 9 дүгээр сарын 15-нд авах чиглэлтэй байна. Эдгээр вакцины захиалгыг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж авч байгаа.
Уламжлал ёсоор эрсдэлтэй бүлгийн буюу эрүүл мэндийн ажилтнууд, өндөр настнууд, 65-аас дээш насны архаг хууч өвчтэй хүмүүс болон нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдэд томуугийн вакциныг хийнэ.
Засгийн газраас нэмэлтээр мөнгө гарган вакцин авахаар төлөвлөж байгаа. Энэ хүрээнд вакцины тендерийг зарлах арга хэмжээг авч байна" гэв.