441 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр 16 хүн эдгэрлээ
Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс зарлаж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 5-нд ХӨСҮТ Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 441 хүний шинжилгээг хийлээ. Бүгд СӨРӨГ буюу коронавирусийн халдваргүй гарсан. Тодруулбал,
Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 251 зорчигч
Тусгаарлах байранд тусгаарлагдаж байгаа 53 хүний давтан шинжилгээ
Сувилалд байгаа 9 хүний давтан шинжилгээ
ХӨСҮТ болон тусгаарлах байранд ажиллаж буй эмч, ажилтан 13 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолооч
Замын-Үүдэд тусгаарлагдсан 86 хүний шинжилгээ
Сэлэнгэ, Дорноговь аймагт тусгаарлагдсан тус бүр нэг хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй" гэлээ.
Монгол Улсад коронавирусийн гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 293 тохиолдол батлагдсанаас 260 нь эдгэрлээ. Эмчлүүлж буй 33 хүний 30-ынх нь биеийн байдал хөнгөн, гурав нь хүндэвтэр байгаа аж.
Мөн өнөөдөр Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдоос дөрвөн хүнийг сэжигтэй тохиолдлоор ХӨСҮТ-д тусгаарлажээ.