Х.ЛХАСҮРЭН: Могойд хатгуулсан хүнийг ХӨДӨЛГӨӨНГҮЙ байлгах хэрэгтэй
Урин дулаан цагт иргэд хөдөө орон нутгийг зорих нь их байна. Тэгвэл хээр хөдөө аялж, зугаалж явах үедээ могойд хатгуулах тохиолдол нэмэгдсэн гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байна. Тиймээс могойд хатгуулсан үед авах анхны тусламжийн талаар Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Х.Лхасүрэнгээс тодрууллаа.
-Могойд хатгуулах үед илрэх шинж тэмдэг нь ямар байдаг вэ?
-Могойг хортой, хоргүй гэж ялгана. Хэрэв хортой могойд хатгуулсан бол тун богино хугацаанд хатгасан газар нь хавдаж, маш жижигхэн шарх үүсч, ганц дусал цус бултайсан байдаг.
-Тэгвэл хатгуулсан хүнд ямар анхан шатны тусламж үзүүлэх ёстой вэ?
- Хэрэв хөлд хатгасан бол хөлтэй нь барьж, гарт хатгуулсан бол тохойтой нь нугалж бооно. Энэ нь могойд хатгуулсан мөчний судсаар бие махбодид хор богино хугацаанд тархахаас сэргийлнэ. Могойд хатгуулсан хүнийг хөдөлгөөнгүй байлгах хэрэгтэй. Шингэн аль болох ихээр өгнө. Харин спиртлэг ундаа уулгахыг хориглоно. Зарим тохиолдолд дээрх арга хэмжээг цаг алдаж авбал могойд хатгуулсан хүн богинохон хугацаанд хордох тул амь насанд нь аюул учирч болохыг анхаарах хэрэгтэй.
-Анхны тусламж үзүүлж байгаа үед юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Могойд хатгуулсан хүний цусыг хэзээ ч амаар сорж болохгүй.
Учир нь цусыг сорсноор тусламж үзүүлэгч та өөрөө хордохоос гадна ямар нэгэн халдвар дамжиж болзошгүйг анхаарах ёстой. Мөн хазагдсан хэсгийн шархыг оролдохгүй байх, хорыг цааш тархахыг зогсоож даралттай боолт хийх, цусыг шахаж болохгүй. Могойд хатгуулсан хүнд архи, кафейны агууламжтай уух зүйл өгөхгүй байх, хазуулсан биеийн хэсгийн бариу хувцас, эдлэлийг чөлөөлөх хэрэгтэйг анхааруулж байна.
-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.