Улсын хэмжээнд зургаан лаборатори бүх хүчин чадлаараа ажиллахад хоногтоо 1,400-1,500 шинжилгээ хийх боломжтой
Монгол Улсад батлагдсан COVID-19-ийн тохиолдлуудын эмнэл зүйн шинж тэмдэг, эмчилгээний явцын талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийг хүртэл 14,207 хүнд тандалт судалгаа, шинжилгээ хийж ажилласан байна.
Нийт 287 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж, онош нь батлагдсанаас 213 хүн эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс 36 нь сувиллын, 51 нь гэрийн ажиглалтад байгаа бол ажиглалт тандалтын хугацаа дууссан 126 хүн байгаа.
Нийт халдвар авсан хүмүүсийн 70 гаруй хувь нь оюутан сурагчид бөгөөд хүйсийн хувьд мөн 70 орчим хувь нь эрэгтэй байна. 6-80 хүртэлх насны хүмүүс халдварт өртсөн. Тодруулбал, 15 хүртэлх насны хүүхэд 8, 55-аас дээш насны 12 хүн байгаа. Ер нь 20-24 насныхан зонхилж.
Хэвтэн эмчлүүлж байгаа 287 тохиолдлоос 131-ийг сонгон авч эмнэл зүйн судалгаа хийсэн. Ингэхэд 30 гаруй хувь нь вирус илрэх үед мэдрэгдэх шинж тэмдэггүй байсан.
Өнөөдрийн байдлаар 31,000 гаруй шинжилгээг зургаан лабораторид хийгээд байна. Зургаан лаборатори бүх хүчин чадлаараа ажиллахад хоногтоо 1,400-1,500, дээд тал нь 2,000 шинжилгээ хийх боломжтой.
Тандалтын зорилгоор хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй бөгөөд өвөл долоо хоногтоо томуугаар өвчилсөн 70-80 хүний сорьцод шинжилгээ хийж байсан бол одоо 40-45 сорьцод шинжилгээ хийж байна.
Эдгэрсэн хүмүүсийн 7-8 хувьд нь сувиллын ажиглалтад байх хугацаанд дахин вирус илэрсэн талаар бид мэдээлсэн. Тэдгээр хүмүүсээс ажиглалт тандалт хийх хугацаанд 10 гаруй нь эдгэрээд гарсан бол үлдсэн хүмүүс одоо ажиглалт тандалтад байна.
Эдгэрээд гарсан хүмүүсээс дахин вирус илрэх тохиолдол дэлхийд их байгаа бөгөөд зарим улс оронд хийгдсэн судалгаанаас харахад тэдгээр хүн вирус тараахгүй байна гэсэн боловч батлагдсан эцсийн үр дүн биш юм. Тиймээс бид коронавирус илрэхгүй болтол ажиглалт, тандалт хийнэ" хэмээн хэллээ.