С.МӨНХБАЯРЛАХ: Харшилтай үед дур мэдэн эмчилгээ хийвэл хүндрэх, цаашлаад “ХАРШЛЫН ШОКОНД” орох аюултай

2020 оны 7 сарын 03

Arslan.mn

Дэлхийн харшлын байгууллагаас “Дэлхийн харшлын долоо хоног”-ийг жил болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд тус өдрийг “Ковид-19 үед ч харшлын тусламж, үйлчилгээ зогсохгүй” гэсэн уриан дор зохион байгуулж байгаа юм. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар  УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ стратеги эрхэлсэн захирал С.Мөнхбаярлахтай ярилцлаа.

“Дэлхийн харшлын долоо хоног”-ийг “Ковид-19 халдварын үед ч харшлын тусламж, үйлчилгээ зогсохгүй” гэсэн уриан дор зохион байгуулж байна

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Дэлхийн харшлын долоо хоног”-ийг  тэмдэглэн өнгөрүүлж байна. Уг арга хэмжээний талаар ярилцлагаа эхлүүлье.

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай гаригын 90 гаруй улс орнуудын Харшлын мэргэжлийн төрийн бус байгууллага болох нийгэмлэг холбоодыг нэгтгэсэн Дэлхийн харшлын байгууллага /ДХБ/ гэж бий. Тус байгууллагаас харшилтай тэмцэх “Дэлхийн долоо хоног”-ийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт зохион байгуулдаг байсан гэдэл энэ жил дэлхий дахинд  Ковид-19  халдвар гарсантай холбогдуулан 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 04-ны өдрүүдэд  тэмдэглэж байна.

Энэ жилийн хувьд тус өдрийг “Ковид-19 халдварын үед ч харшлын тусламж, үйлчилгээ зогсохгүй” гэсэн уриан дор зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд УНТЭ, Монголын харшил судлалын нийгэмлэгтэй хамтран харшлын мэргэжлийн эмч, мэргэжилтүүдийн мэдлэг, ур чадварыг  дээшлүүлэхэд чиглэсэн цахим сургалт, хурлыг Ази-Номхон далайн орнуудын Харшил, астма, эмнэлзүйн дархлаа судлалын холбоотой хамтран  зохион байгуулж байна. 

Энэ удаагийн веб-д суурилсан хуралд Монголын харшил судлалын нийгэмлэгийн гишүүд эмч, судлаач, багш  зэрэг 100 орчим  хүмүүс, Европын холбооны улсууд болон Ази-Номхон далайн бүсийн орнуудын эрдэмтэн, судлаач, эмч нар бүртгүүлж цахимаар оролцох юм.  

-Энэ удаагийн Олон улсын хамтарсан хурлын онцлог юу вэ? 

- Шинэ коронавируст халдварын эсрэг дэлхий нийтээрээ тэмцэж байгаа энэ үед энэ тэмцэлд мэргэжил нэгт бид бас нэгдэж байна. Өөрөөр хэлбэл төрөл бүрийн харшлын өвчний үед Ковид-19 халдварт чухам хэрхэн нөлөөлж байна вэ, Ковид-19 халдвараас харшлын өвчинд эрсдэл үүсгэж байна уу, эсвэл  харшлын өвчин нь энэ шинэ Ковид-19 халдварт өртөх эрсдэл нэмэгдүүлж байна уу гэсэн маргаантай хэлэлцүүлгүүд судлаачдын дунд яригдаж байгаа. Тэгвэл энэ удаагийн хурлаар дамжуулан нэг мөр болгох, улмаар нэгдсэн нэг ойлголт өгөх боломжийг бүрдүүлж байгаагаараа ихээхэн онцлогтой болж байна.

Манай оронд яг одоо ургамлын тоосны харшил ид сэдэрч байгаа энэ цаг үед харшлын эмнэлзүйн шинж тэмдэг ба Ковид-19 халдварыг хэрхэн асуумж, үзлэг, шинж тэмдэгээр ялган оношилох нь чухал асуудалыг хөндөж байгаа нь бас нэг онцлог юмдаа.   

Мөн хуралд Ази-Номхон далайн бүс орнуудын Харшил, астма, эмнэлзүйн дархлаа судлалын холбооны ерөнхийлөгч, Дэлхийн харшлын байгууллагын захирал асан Руби Паванкар зэрэг эрдэмтэд оролцож, “Ковид-19” цар тахлын үед дархлаа тогтолцооны цитокины шуурга” сэдэвт сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлнэ. ХӨСҮТ-ийн эмч Ц.Чинбаяр манай улсад тохиолдож байгаа Ковид-19 халдварын тохиолдлууд, тэдгээрийн эмнэлзүйн онцлог шинж тэмдгүүд, оношилгоо эмчилгээний асуудлаар илтгэл хэлэлцүүлнэ. 
Харин миний бие “Ургамлын тоосны харшил болон Ковид-19 халдварын ялгаа, ургамлын тоосны харшлын эмчилгээнд хэсэг газрын дааврын бэлдмэлийг хэрэглэх эмчилгээний талаар”сэдэвт илтгэлийг тавина.

“Антибиотек, газрын самраас үүдэлтэй харшлын шок давамгайлж байна”

- Харшил гэж ер нь яг юу вэ? Харшлын өвчлөл үүсэх гол шалтгаанууд нь юу байна вэ?

-Харшлыг анагаах ухааны хэллэгээр “аллерги” буюу дархлааны хэт мэдрэгшилийн урвал хэмээн нэрлэдэг. Энгийнээр харшил гэдэг бол хүний дархлаа тогтолцооны зохицуулга алдагдаж тэнцвэргүй болсон үед үүсдэг эмгэг. Хүний биеийн дархлаа тогтолцоо бол янз бүрийн халдварын эсрэг тэмцэж, хүнийг эрүүл саруул байлгахад чиглэсэн хамгаалах тогтолцоо байдаг. Энэ хамгаалах тогтолцооны хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан үед хэт эрчимтэйгээр мэдэрч идэвхжиж хариу урвал үзүүлдэг үед ХАРШИЛ бас АУТОИММУНИ өвчин үүсдэг. Эсвэл зарим хүмүүст дархлааны хариу урвалын эрчим сулардаг. Ийм хүн дархлаа хомсдолтой сул биетэй хүмүүс байх тул халдварт өртөх эрсдэл нь ихэсдэг. Тиймээс төрөл бүрийн халдварт өвчин тэр дундаа Ковид-19 халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэсэн үг. 

Харшилтөрөгч хүний биед нэвтэрч орсон замаасаа шалтгаалаад эмнэлзүйн шинж тэмдэг нь өөр, өөр байдаг. Хэрвээ харшилтөрөгч амьсгалын замаар нэвтэрч орох юм бол амьсгалын замын  харшлын шинжүүд илүү илэрнэ. Найтаах, усан нус гоожих, хамар битүүрэх, нармай, тагнай загатнах, ханиалгах, амьсгаадах, бачуурах шинж тэмдэг илэрнэ. Харин хоол боловсруулах замаар харшилтөрөгч нэвтэрвэл арьсны тууралт, хоол боловсруулах замын хямрал гүйлгэх, суулгах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Арьс салстаар нэвтэрч орвол тухайн арьс салстын орчинд үрэвсэл үүсэхээс гадна бүх биеийг хамарсан эмнэлзүйн шинж тэмдэг илэрч болно. Төмрийн харшилтай хүмүүс гэхэд төмрийн найрлагад байгаа никель сульфат хэмээх бодис хүний арьсаар нэвтэрч ороод тэр хэсэгтээ дархлааны урвалын оролцоотойгоор арьсны хэсэг газрын үрэвсэл үүсгэдэг. Харшлын шалтгаан хүний биед ямар замаар нэвтэрч орсон, түүнээс шалтгаалаад эмнэлзүйн шинж тэмдгүүд өвөрмөц, өөр, өөр байдаг гэсэн үг.

Харшлын шалтгаан мааш олон төрөлтэй. Агаарт тархаж амьсгалын замаар нэвтэрдэг ургамлын тоос, амьтаны хучуур, тоосны хачиг, шавьж гэх мэт, мөн хоол, хүнсний зүйлс, эм бэлдмэл, шавьж зөгийн хор, химийн бодисууд гээд олон төрлийн шалтгаан бий. 

Манай орны байгал цаг уурын онцлогтой холбоотой ургамлын тоосны харшил үүсгэгч хамгийн түгээмэл шалтгаан болж байна. 

-Харшил хөдлөөд байна гэчихээд эмнэлэгт хандахгүй янз бүрийн дусаалга, эм тан хэрэглээд, зуныг л авчихвал боллоо гээд явах иргэд олон. Нэг үгээр хэлвэл харшлын шокын тухай мэдлэг ховор шүү дээ. 

-Зарим хүмүүс харшилтөрөгчид хэт мэдрэгшсэн байдаг. Хэт хүчтэй мэдрэгшил үүсгэсэн харшилтөрөгч хүний биед орвол бие махбодийг бүхэлд нь, олон эрхтэн тогтолцоог хамарсан харшлын маш хүнд шинж тэмдгээр харшлын шок илэрдэг. Зөв цагт тохирсон арга хэмжээг цаг алдалгүй авч чадвал хүний амь насыг аврах боломжтой. Хэрэв харшлын шоконд ороод арга хэмжээ авч чадаагүй бол харшлын шокын улмаас 15 минутаас нэг цагийн дотор амь насаа алдах эрсдэлтэй. 

Харшил гэдэг бол өвчин. Энэ бол тоглоом биш. Хүмүүс би энгийн харшилтай гайгүй байна гээд яваад байгаа нь өөрөө  өөрийгөө хүндрэлт хүргэх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэсэн үг. Сүүлийн үед эмийн харшил, хүнсний харшил их бүртгэгдэж, эмээс шалтгаалсан харшлын шоконд орж, нас барсан тохиолдлууд нэлээдгүй нэмэгдэн бүртгэгдсээр байна. Энэ нь эмийн зохисгүй хэрэглээг дагаад эмэнд харшилтай болсон хүмүүс ихэссэний илрэл юм. 

Мөн сүүлийн үед эрдэмтдийн анхаарлыг газрын самрын /peanut/ харшил их татаж байна.  Cамар идээд харшлын шоконд ороод ирж байгаа хүмүүс цөөнгүй. Ургамлын тоосны харшилтай хүмүүс төрөл бүрийн самар, жимсэнд харшилтай болсон байдаг. Үүнийгээ мэдэхгүй явж байгаад  нэг өдөр  1-2  самар эсвэл жимс идсэний дараа бүх бие махбодыг хамарсан  хүнд шинж тэмдгүүд илэрч, харшлын шоконд орсон тохиолдлууд байна.

-Бидний амьдарч байгаа энэ орчин энэ өвчний нэг шалтгаан байж болох уу. Харшлын өвчин сүүлийн үед ихэсч байна, харшилгүй хүн нь цөөрч байна гэхэд буруудахгүй болчихлоо. Энэ талаар юу хэлэх вэ?

-Яг тийм, Харшил өвчний тархалт сүүлийн 30-40 жилийн дотор дэлхий дахинд хүн төрөлхтний дунд мэдрэгдэхүйц ихэсч байгаа. Энэ нь цаашид улам нэмэгдэх хандлагатай байна.  Харшил ихэсч байгааг тодорхойлсон хэд хэдэн онол, таамаглал байдаг. Нэгт, эрүүл ахуйн талаас нь хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр суурьшмал хотын амьдралд шилжиж байгаль орчноосоо хэт их тасарч, хөндийрч байна. Хүн эрүүл ахуйн хэм хэмжээ сайн хангагдсан орчинд амьдрахын хэрээр дархлаа тогтолцооны халдварын эсрэг тэмцэх чадварт өөрчлөлт орж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, хүний биеийн дархлааны тогтолцоо нь хүрээлэн буй орчноос хүний биед нэвтэрч байгаа төрөл бүрийн халдварын хүчин зүйлийн эсрэг тэмцэж, халдварын зүйлээр өвчлөхгүй байх дархлааг бий болгож, тэмцэх үүрэгтэй. Тэгэхээр сүүлийн үед хот сууринд баруунжсан амьдралын хэв маягаар амьдрахын хэрээр хүний биед орох байгалийн ашигтай халдварын хүчин зүйлс тухайлбал, нян, шимэгч, мөөгөнцөрийн хэмжээ нь багасаад ирэхээр хүний дархлаа тогтолцооны гүйцэтгэх үүрэг нь өөрчлөгдөж халдварын биш ургамлын тоос, амьтан, шавьж, хоол хүнсний зүйлийн эсрэг хэт хүчтэй дархлааны хариу урвал үзүүлж харшлаар өвчилдөг болчихоод байгаа юм. 

Дархлаа тогтолцоо нь тодорхой шалтгааны улмаас гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагаа нь өөрчлөгдөж болно. Дархлааны хариу урвал сулраад халдварын  эсрэг тэмцэж чадахаа больсон үед ханиад томуу тусаад, өвдөг, хатиг гараад халдварт дээрэлхүүлнэ гэсэн үг. Харин дархлаа тогтолцоо хэт их идэвхжихээр харшил, аутоиммуни өвчнүүдээр өвчилдөг. Харшил нь  дархлаа тогтолцооны тодорхой нэг хэсэг хэт идэвхижснээс үүдэлтэй үүсдэг.

Хоёрт, Хүний арьс, хамар, амны хөндий, хоол боловсруулах эрхтэн нь бичил биетүүдээр бүрхэгдсэн байдаг. Түүнийг нь микробиом гэж нэрлэж байна. Өөрөөр хэлбэл, хүний арьсан дээр маш олон төрлийн вирус, бактери, мөөгөнцөрийн халдварын хүчин зүйлүүд байдаг. Тэр хүчин зүйлүүд нь хүний биед тохирч, тэр бичил биетүүдэд хүн зохицсоны үр дүнд хүн эрүүл амьдардаг. Ингэж биологийн биетүүд харилцан зохицож амьдрахыг симбиоз гэж нэрлэдэг. Жишээ нь, хүний нарийн бүдүүн гэдсэнд хүнд ашигтай бифидобактер, лактобацилл зэрэг нянгууд байдаг. Тэр нянгууд хүний бие физиологид хэвийн үйл ажиллагаа явагдахад оролцож, тусалж байдаг. Гэтэл хүний биед ашигтай хэрэгтэй тэр нян, бактери, мөөгөнцөрийн тоо хэмжээ, харьцаа алдагдан микробиом нь өөрчлөгдвөл дисбиоз болж халдварын эсрэг дархлааны өөрчлөлт гарч харшлаар өвчилж байна гэж тайлбарлах болсон.  

Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол, хоол тэжээлийн онцлог, ахуйн химийн бодисын хэрэглээ, антибиотикийн зохисгүй хэрэглээтэй холбоотойгоор хүний биеийг бүрхсэн бичил биетүүд устан өөрчлөгдөж, улмаар харшил үүсдэг. 

-Харшлын анхан шатанд нь хэрхэн таньж эмчлэх вэ? 

-Мэдээж харшилтай хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрнэ.  Магадгүй ханиад хүрсэн юм шиг хамар битүүрээд нус гоожоод удвал эмчид хандаж, харшлын сорил хийлгэх эсвэл цусны шинжилгээ хийлгэж цусандаа харшилтай байвал яг юуны харшил вэ гэдгийг мэргэжлийн байгууллагад тодорхойлуулж, мэргэжлийн эмчид хандан оношилуулах хэрэгтэй.  

Харшлын оношилгооны сорил, шинжилгээг УНТЭ, улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүд бүгд хийж байна. 

“Шарилжны харшилтай хүмүүс айраг, гүүний саам ууж болохгүй”

-Харшилтай хүмүүст ямар хүнсийг хориглодог вэ?

-Тухайн хүн ямар харшилтөрөгчид мэдрэгшсэн байна гэдгээс хамаараад тэр хүнд ямар хүнс хориглохыг анагаах ухаанд судлаад тогтоочихсон байдаг. Жишээлбэл, хус модны тоосны харшилтай хүмүүс алим, лийр, чавга, тоор зэрэг модонд ургадаг жимснүүд идвэл дархлааны солбицох урвалаар харшлын шинж тэмдэг илэрдэг. Шарилжны харшилтай хүмүүс айраг, гүүний саам уух, түүхий лууван, улаан лооль идэж болохгүй. Тухайн хүний мэдрэгшсэн харшилтөрөгчийг цусны шинжилгээ эсвэл арьсны сорилоор юунд харшилтайг нь тогтоогоод, ямар хүнс хориглохыг эмч зааварлах ёстой. Харшилтай гээд мах гурилаас бусдыг хориглож хүнс тэжээлийн дутагдалд оруулж болохгүй. 

-Харшлын вакциныг хэзээ хийлгэвэл илүү үр дүнтэй байдаг вэ? Хүүхдэд хийж болох уу?

- Харшлын вакциныг харшил хөдлөхөөс өмнө буюу улирал угтуулж хийж болно. Өөрөөр хэлбэл  долоон сард харшлын шинж тэмдэг хөдөлдөг бол гурван сараас хийж эхлэнэ гэсэн үг юм. Зарим хүнд жилийн турш үргэлжлүүлэн хийж болно. Эмчилгээний арга нь харилцан адилгүй өөр байдаг. Нөгөө талаас вакцины үйлдвэрлэсэн үйлдвэрлэгч ямар зөвлөгөө өгч байна гэдгээс хамаарна. Сүүлийн үед харшлын өвчлөлийн тархалт их залуужиж, хүүхдэд илүү тохиолдож байна. Дөнгөж төрсөн хүүхэд ч “диатез” гэх тууралт гарч харшилтайгаа мэдэж байна шүү дээ. Тэр чинь харшлын суурьтай байна гэсэн үг. Бага насны хүүхдийн дархлаа тогтолцоо бүрэн хөгжиж гүйцээгүй байхад харшлын дархлаа эмчилгээ хийхгүй байх нь зөв. 

Харшлаас урьдчилан сэргийлэх, мөн "эмчлэх" боломжтой

-Харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?  Харшил бүрэн эдгэрэх үү?

-Харшлаас урьдчилан сэргийлж болно. Харшил бол урьдчилан сэргийлж, эмчилж болдог өвчин. Харшлын анхдагч, хоёрдогч, гуравдагч урьдчилан сэргийлэлт гэж бий. Анхдагч урьдчилан сэргийлэлт гэдэг нь тухайн хүнийг анхнаас нь харшлаар өвчлүүлэхгүй байх орчин нөхцлийг бүрдүүлнэ. Жишээлбэл, агаарын бохирдлыг бууруулах хэрэгтэй. Дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангах, байгаль орчиндоо ойр амьдарч, шинэ оригналь хоол хүнс хэрэглэх,  биед ашигтай хүчин зүйлүүдийг хүний бие авч байх гэх мэт.    

Хоёрдогч урьдчилан сэргийлэлт гэдэг нь нэгэнт харшилтай болчихсон бол, яг юуны харшилтай гэдгийг тодорхойлж, харшил өгдөг зүйлээс хол байх, хэрэглэхгүй байж харшлаа сэдрээхгүй байх юм.   

Гуравдагч урьдчилан сэргийлэлт нь нэгэнт тухайн хүн харшилтай болоод эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байгаа бол хүндрэлээс нь хамгаалах ёстой. Жишээлбэл, ургамлын тоосны харшилтай хүн хамар битүүрээд, нүд загатнаад байна гээд тоохгүй явсаар нэг өдөр астма гэх өөр өвчинтэй болно. Тэгэхээр иргэд хамгийн эхлээд харшлын шалтгаанаа мэдэх хэрэгтэй. Мөн харшил үүсгэгч хүчин зүйлүүдээс ангижрах хэрэгтэй юм. Харшил эмчлэгддэг өвчин. Харшлын эмчилгээ хийлгээд зовиур шинж тэмдэггүй сайхан амьдарч болно.

-Харшлын үед ямар эмчилгээ хийлгэдэг вэ?

Харшил эмчилгээний үед хийгдэх ДӨРВӨН ЗАРЧИМ бий.

Нэгт, эрүүл мэндийн боловсрол эзэмших. Өвчлөх үед шинжлэх ухааны үндэслэлгүй нотолгоогүй эмчилгээнүүд хийж болохгүй. Харшилтай бол эмчдээ хандаж, энэ өвчний талаар бүрэн мэдээлэл, зөвлөгөө авч, харшлын тухай ойлголтоо зөв болгох хэрэгтэй. Эмч, өвчтөн хоёр нийлээд тэр харшлын өвчнийхөө  эсрэг хамтдаа тэмцэх ёстой. Хоёулаа тэмцээд, харшлыг дийлж болно. Ядаж л ургамлын тоосны харшлын үед  хамар нармай, нүдийг хамарсан үрэвсэл явагдаж байгаа, гэтэл аргалын утаагаар утах нь буруу. Ингэснээр  тухайн хүн астматай болох аюултай гэдгийгээ мэддэг байх ёстой.   

Хоёрт, харшил төрөгчөөс зайлсхийх, өөрийгөө хамгаалах. Өөрийнхөө харшлын шалтгаанаа мэдсэн бол харшилтөрөгчөөс хол байх, зайлсхийх хэрэгтэй. Жишээ нь нохой, муурны харшилтай бол гэртээ  нохой муур тээжэхгүй байх, хоол хүнсний харшилтай бол хоол ундаа тааруулж хэрэглэх хэрэгтэй. Харшлын шалтгаанаа найдвартай мэдрэг сайн аргаар тогтоолговол эмчилгээ хийхэд үр дүн сайтай байдаг.   

Гуравт, эмэн эмчилгээний арга. Харшлын эсрэг эмийн сонголтыг зөв хийх хэрэгтэй. Монголд энэ төрлийн маш олон эм бий. Эмч зөвлөгөө өгч, өвчний зовиур шинж тэмдэгийн хүнд хөнгөний байдал, өвчний явц, шалтгаан, ямар эрхтэн тогтолцоог хамарч байгаа зэргээс хамаарч эмийн сонголтоо хийж ямар тунгаар, хэр удаан эмчлэх эмчилгээний тактикаа боловсруулж хүндээ аюулгүй, үр дүнтэй эмчилгээ хийлгээг хийдэг. Жишээлбэл: Элэгний архаг  хуучин эмгэгтэй хүнд элгэнд таагүй нөлөө үзүүлдэг эмийг сонгож болохгүй шүү дээ. 

Дөрөвт, дархлаа эмчилгээ: Энэ нь таны хэлж байгаа вакцин эмчилгээ юм. Вакциныг 3-5 жилийн хугацаанд тасралтгүй хийлгэвэл харшил эмчлэгдэх боломжтой. Сүүлийн үед дархлааны зохицуулгад оролцдог хэд хэдэн төрлийн моноклонт эсрэгбиеийн эмчилгээ хийх болоод байна. 
Харшил эмчилгээний энэ дөрвөн зарчмаар харшлыг эмчлээд хянаад явах юм бол тухайн хүн харшлын зовиур шинж тэмдэггүй явж болно. 

-Иргэдийн хувьд дам яриагаар өвчнөө эмнэх, ардын цуу үгэнд итгэх нь олонтаа шүү дээ. Тэгвэл харшил гэх өвчний үед энэ дам яриа хэр үнэний ортой байдаг вэ? 

-Аливаа нэг ойролцоо эмгэгтэй, өвчинтэй  хүмүүс, эцэг эхчүүд сошиал орчинд олон нийтийн хэрэгслээр групп үүсгэж, хоорондоо мэдээлэл солилцох нь их болжээ. Энэ нь нэг талаараа сайн хэрэг ч нөгөө талаараа буруу мэдээлэл  өгөх явдал их байна. Буруу мэдээллийг  мэргэжлийн хүнээс асууж тодруулахгүйгээр шууд өөрийн бие дээрээ турших явдал их байна. Ургамлын тоосны харшилтай хүн голио идэх, царцааны ханд хэрэглэх, аргал уугиулах сайн гэж зөвлөдөг. Дархлаа тогтолцооны гүнзгий өөрчлөлт үүсээд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байгаа үед аргалын утаагаар утаад арилна гэж байхгүй шүү дээ. Шинжлэх ухаанаар баталгаа, нотолгоогүй эмчилгээг хүмүүс бие биендээ зөвлөдөг. Энэ нь эрсдэл дагуулж байдаг. Жишээ нь трансфактор гэх сүлжээний дархлаа сайжруулдаг гэх хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглээд тус нэмэр болсонгүй гэж ирэх хүмүүс их бий. 

Тэгэхээр эмчилгээг та биш, анагаах ухаанд зөвшөөрсөн, тухайн өвчнийг оношилох, эмчлэх үндэсний болон олон улсын удирдамж зааврын дагуу мэргэшсэн эмч нар хийх ёстой гэдгийг хатуу хэлмээр байна. Яагаад гэвэл таны харшлыг оношилж, эмчилээд байгаа тэр эмч чинь анагаах ухаанд дор хаяж 9-10 жилийн хугацаанд тасралтгүй суралцаж мэргэшсэн хүн.  Эмчийн заавар зөвлөгөөг дагаж чадвал та харшил гэх өвчнөөс ангижрах боломжтой.

Эцэст нь шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иргэд, олон нийт сайн унтаж амрах, шим тэжээлтэй  хоол хүнс хэрэглэх, өөрийн биеийн дархалаагаа хэвийн байлгаж, гараа угааж, амны хаалтай хийж, хүн хоорондын зайгаа барих нь чухал гэдгийг зөвлөмөөр байна. Та бүхэн сайхан наадаарай. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618357
5 эможи

УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up