ХӨСҮТ: Өнөөдөр нэг хүн эдгэрч, дахин нэг жирэмсэн эмэгтэй амаржин охинтой боллоо
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунууд болон эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдлыг танилцууллаа.
Тэрбээр "Зургаадугаар сарын 30-ны өдөр гурван лабораторид нийт 406 шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.Тухайлбал, ажиглах байранд тусгаарлагдсан 370 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-т сэжигтэй гэж үзэн тугсаарласан хоёр, тандалтын зорилгоор хийсэн долоон шинжилгээ, ачаа тээврийн 19 жолоочид коронавирус илрээгүй.
Өнөөдөр 21 настай нэг оюутан эдгэрэн ХӨСҮТ-өөс гарч, дараагийн ажиглалт руу шилжлээ. ОХУ-аас ирсэн тус оюутан 36 хоног эмчлүүлсэн.
Бас нэг сайн мэдээтэй. ХӨСҮТ-д эмчлэгдээд эдгэрч гарсан жирэмсэн эмэгтэй сувилалд хянагдаж байсан. Тухайн эмэгтэйг өчигдөр ХӨСҮТ-д буцаан авчирсан бөгөөд өнөө өглөө төрж, охинтой боллоо.
Нийт батлагдсан тохиолдол 220 байгаагийн 176 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 44 хүний биеийн байдлыг үнэлбэл, 33 нь хөнгөн, 11 хүн хүндэвтэр байна." гэв.