ЭМЯ: Өчигдөр 16 хүн ажиглалтад орж, нийт 2,468 хүн ажиглах байранд байна
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 10,563,000 хүн коронавирусийн халдвар авч, 513,000 хүн эндээд байна. Сүүлийн 24 цагт 159,000 хүн шинээр өвчилж 4,000 гаруй хүн нас барсан нь өмнөх өдрөөс өссөн дүн юм.
АНУ-д сүүлийн 7 хоногт өдөр бүр 35-40 мянган хүн өвчилж байгаа нь жагсаал цуглаан олноор зохион байгуулагдсан болон залуус шинж тэмдэггүй өвчлөөд өндөр настнуудад халдвар тарааж байгаатай холбоотой гэж үзсэн байна.
ОХУ-д өчигдөр 6,693 хүн шинээр өвчилж 154 хүн эндсэн байна. Манай олон аймагтай хил залгаа бүсүүдэд өвчлөл нэмэгдсээр байгаа. Тувад нийт өвчлөлийн тоо 4,495 болсон.
Манай орны хувьд өчигдөр 16 хүн ажиглалтад орж, 31 хүн ажиглалтаас гаран, одоогоор 2,468 хүн ажиглах байранд байна.
Гуравдугаар сарын 24-нөөс хойш 5,447 хүн тусгаарлагдсанаас 623 хүн нь одоо гэрийн хяналтад байгаа.
Сүүлийн 24 цагт 119 дугаарт 161 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр Австри улсаас манай улсын нэг иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авсан байна" гэв.
ШУУД ҮЗЭХ: