ЭМЯ: Бид гаргасан амжилтаа алдахгүйн тулд хөл хориог СУЛРУУЛАХГҮЙ байх хэрэгтэй
Эрүүл мэндийн яам/ЭМЯ/ шинэ коронавирусийн тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Covid-19-т халдвар дэлхийн 216 улс орон бүс нутагт тархаж, 10 сая 400 мянган хүн өвчилж, 507 мянган хүн нас бараад байна. АНУ, Англи, БНХАУ-ын судлаачид дэлхийн нийт хүн амын 1.7 тэрбум хүн Covid-19-ийн халдвараар өвчилж, хүндрэх эрсдэлтэй гэж үзсэн. ДЭМБ-ын зөвлөмжөөр амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа ариутгах, гэртээ байх, найдвартай эх сурвалжаас мэдээлэл авах нь халдварын эрсдэлийг бууруулна гэж үзэж байгаа.
ОХУ-д сүүлийн 24 цагт 6719 хүн шинээр өвчилж 53 хүн эндсэн байна. Тувад эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй байна. Монгол Улсын хувьд ажиглалтад байна. Сүүлийн 24 цагт шуурхай утас 119-д 150 дуудлага ирж, зөвлөгөө авсан. Шуурхай аппликейшнд таван иргэн холбогдож мөн мэдээлэл авсан. Иргэд амны хаалтаа зүүхгүй байгаа талаар шүүмж ирж байна." гэв.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 29-нд гурван лабораторид нийт 357 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 261 хүнд давтан шинжилгээ хийсэн. Энэ бол Токио-Улаанбаатарын онгоцоорсэн хүмүүс голчлон байгаа. Ажиглах байранд байгаа 66 хүний давтан шинжилгээнээс мөн илрээгүй. ХӨСҮТ-т хяналтад байгаа долоон хүний шинжилгээ болон тандалтын зорилгоор авсан зургаан сорьцоос коронавирус илрээгүй.
Томуугийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн сорьцоос санамсаргүй түүврийн аргаар сонгож тогтмол шинжилгээ хийж байгаа.
Алтанбулаг боомтоор орж ирсэн 23 жолоочийн шинжилгээнд мөн вирус илрээгүй.
Нийт батлагдсан тохиолдол 220, эдгэрсэн 175, эмчилгээнд 45 хүн байгаа. Биеийн байдлыг үнэлбэл 34 хүн хнөнгөн, 11 хүн хүндэвтэр байна. Дараагийн онгоцуудаар ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэлээ хангасан.
Бид гаргасан амжилтаа алдахгүйн тулд хөл хориог СУЛРУУЛАХГҮЙ байх хэрэгтэй" гэлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Нэгдүгээр сараас хойш улсын хэмжээнд 11031 иргэнийг тусгаарлан ажиглагдсан. Улсын хэмжээнд давхардсан тоогоор 25611 сорьцонд шинжилгээ хийсэн.
29 байранд 2174 иргэн тусгаарлагдаж байна. 5 хүртэлх насны хүүхэд 103, жирэмсэн эх 46, хорт хавдартай 23 хүн байна. Гэрийн тусгаарлалтад нийслэлд 504 иргэн байна.
ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эх өчигдөр амаржлаа. 3.8 кг жинтэй охин төрлөө. Эх, нярайн бие сайн байна." гэв.