ХӨСҮТ: 16 оюутан эдгэрч, эдгэрсэн хүний тоо 127 боллоо
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Зургаадугаар сарын 17-нд гурван лабораторид нийт 363 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 359 тохиолдолд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн дөрвөн тээврийн жолоочид халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс нь 33, 36, 40, 59 настай Беларусь улсын иргэд. Тэднийг ХӨСҮТ-рүү эмчилгээнд татан авчирч байна.
Мөн өчигдрийн онгоцоор ирж, ажиглах байранд тусгаарлагдсан 250 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Эхний шинжилгээний хариугаар өчигдрийн онгоцоор ирсэн бүх иргэдэд вирус илрээгүй.
ХӨСҮТ-ээс 16 хүн эдгэрч, 18-65 хоног эмчлэгдээд гарлаа. 19-23 насны 15, 35 настай нэг оюутан байна. 201 хүн батлагдаж, 127 хүн эдгэрлээ. 74 хүн эмчилгээнд байгаагаас 5 хүн хүндэвтэр байна. " гэв.