Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 24 БАРИМТ
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 24 баримт
Баримт 1. ТТАХНЭ нь 1933 онд анх байгуулагдсан Монгол улсын ууган эмнэлгүүдийн нэг юм.
Баримт 2. 2019 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор түүхэндээ анх удаа шагнагдсан байна.Баримт 3. 2016 онд Монгол улсын засгийн газрын шийдвэрээр дахин сэргээгдэж 2017 оны 1 сараас Амбулатори, 2018 оны 1 сараас Хэвтүүлэн эмчлэх үйл ажиллагааг эхлүүлсэн байна.
Баримт 4. Тус эмнэлгээр зөвхөн төрийн тусгай албан хаагчдаас гадна тэдний төрсөн аав, ээж, гэр бүлийн хүмүүс, 0-16 насны хүүхдүүд үйлчлүүлдэг бөгөөд өөрөөр хэлбэл 1 төрийн тусгай албан хаагчийн ард 4-6 энгийн иргэн үйлчлүүлэх боломжтой. Мөн Чингэлтэй дүүргийн иргэдэд мэс заслын болон хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэргээр энгийн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байна. Монгол улсын хамгийн алслагдсан хил хязгаараас авахуулаад бүхий л газар төрийн тусгай албан хаагч ажиллаж, амьдарч байдаг учраас үндэсний хэмжээний үйл ажиллагаа явуулж байна.
Баримт 5. Эх барихаас бусад бүхий л тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжтой эмнэлэг бөгөөд 2019 онд тус эмнэлгээр 75500 орчим хүнд урьдчилсан сэргийлэх үзлэг, 116000 орчим хүнд амбулаториийн тусламж, үйлчилгээ үзүүлж үүнээс 10700 хүн хэвтүүлэн эмчлүүлж, мэс заслын тусламж, үйлчилгээ 1750-г хийж гүйцэтгэжээ.
Баримт 6. 2017 онд 48 эмч, мэргэжилтнүүд 52400 км замыг туулж Монгол улсын дархан хилийг бүрэн тойрч давхардсан тоогоор 46445 хилчид болон тэдгээрийн ар гэрийнхэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.
Баримт 7. 2018 онд Бүгд Найрамдах Австри улсын засгийн газрын 19,909.6 сая төгрөгийн (7 сая евро) хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт хийгдэж орчин үеийн дэвшилтэт техник, технологийг суурилуулж, хүний нөөцийг мэргэшүүллээ.
Баримт 8. 2012 онд анх суурилуулагдсан CT, MRI аппарат нь 5 болон 7 жилийн дараа үйл ажиллагаанд бүрэн орлоо. Мөн C-arm, шүдний дэлгэмэл зургийн аппарат, бусад рентген зураг харалт, авалтын аппарат бүхий дүрс оношилгооны хэсэгтэй.
Баримт 9. Эмнэлзүйн лаборатори, зүрхний ЭХО, ачаалатай зүрхний бичлэг, спирометр, бронхоскопи, ходоод, бүдүүн гэдэсний дуран, элэгний хатуурал тодорхойлогч бүхий ЭХО аппарат, харшлын сорил, мэдрэлийн үйл оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмжүүд, уламжлалт болон сэргээн засах эмчилгээ, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн иж бүрэн тоног төхөөрөмж гээд оношилгоо, эмчилгээний хамгийн олон төрөлтэй эмнэлэг.
Баримт 10. Мэс заслын ламинар урсгалтай орчин үеийн 4 өрөө (operation theatre)-тэй бөгөөд хэвлийн хөндийн дурангийн мэс засал болон үений дуран, өвдөг, түнх солих мэс заслуудыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Баримт 11. Улсын эмнэлгийн хэмжээнд анхны Эрүүл мэндийг дэмжих төвийг (Health Promotion Center) 2018 оны 9 сард үүсгэн байгуулсан. Төвийг үүсгэн байгуулахад Монгол улсын Нарлаг Улаанбаатар, Япон улсын Такамацу Норд ротари клубийн хамтарсан төслөөр 189,5 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Баримт 12. Улсын эмнэлгийн хэмжээнд анхны Нойрны төвийг үүсгэн байгуулсан.
Баримт 13. 2019 оны 1 сараас эмнэлгийн түүхэндээ анх удаа Хүүхдийн тасаг нээн ажиллуулж эхэллээ.
Баримт 14. 2018 оны 8 сард эмнэлгийн түүхэндээ анхны Телемедициний төвийг байгуулжээ. БНСУ-ын Гушин их сургуулиас 111 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийж байжээ.
Баримт 15. 2018 оноос эмнэлгийн түүхэндээ анх удаа 5 аппарат бүхий гемодиализийн нэгжийг байгуулсан бол 2019 онд анхны хэвлийн диализийг эхлүүллээ.
Баримт 16. Эмчлүүлэгчид нь эмнэлгийн хувцас, гарын бугуйвчаар бүрэн хангагдсан улсын анхны эмнэлэг.
Баримт 17. Аварга тосон дахь амралтын газар үйл ажиллагаа явуулдаг.
Баримт 18. 2018 онд магадлан итгэмжлэгдэж, ISO9001-2015 чанарын удирдлагын тогтолцоо хэрэгжүүлэгч байгууллага болсон.
Баримт 19. Олон улсын эмнэлгүүдийн холбооны 2020 оны гишүүн Монгол улсын цор ганц эмнэлэг.
Баримт 20. Спорт заал, фитнесс өрөөтэй, 450 хүний суудалтай, лед дэлгэцтэй хурлын заалтай эмнэлэг.
Баримт 21. Цахим эмнэлэг буюу Smart hospital төслийг амжилттай хэрэгжүүлж ухаалаг эмнэлэг болж байна.
Баримт 22. Ногоон эмнэлэг гэж эмнэлгийн брэнд өнгөөрөө нэрлэгдсэн эмнэлэг.
Баримт 23. 2019 онд эмнэлгийн үйл ажиллагаанаас олсон орлогоороо 2 ажилтан тус бүрт 1, 1 өрөө орон сууц бэлэглэж байсан бол 2020 онд 9 ажилтанд байрны урьдчилгааны 15%-ийг төлж эрүүл мэндийн салбарт анхдагч болж ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн томоохон хөрөнгө оруулалт байлаа.
Баримт 24. Хууль зүй, дотоод хэргийн салбарын сагсан бөмбөгийн эрэгтэй багийн төрөлд 2017, 2018, 2019 онуудад 3 удаа дарааллан аваргалсан.