Тусгаарлалтад байгаа иргэдийн дунд зулбахыг завдсан тохиолдол гарчээ
Өнөөдөр хийсэн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын тус яам Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал " Эрүүл мэндийн ажилтнууд, эмч, сувилагчдад иргэд талархал маш ихээр илгээж байгаад баярлаж, улам хичээн ажиллах болно гэдгийг тэрбээр ярианыхаа эхэнд хэлэв. Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд 1,623 иргэн ажиглалтад байж, тандалт судалгаа хийлгэж байна. Нийт 7,195 иргэн тусгаарлан ажиглалтад орсон.
Сүүлийн нислэгүүдээр ирсэн хүмүүсээ оролцуулаад тусгаарлан ажиглах байранд өнөөдрийн байдлаар
- 5 хүртэлх насны 104 хүүхэд
- жирэмсэн эмэгтэй 61
- чихрийн шижин өвчтэй 25
- артерын даралт ихсэх өвчтэй 80
- хорт хавдрын улмаас гадаадад эмчлүүлж байсан 22 иргэн ирсэн бөгөөд сахиуруудын хамт байна.
Эдгээр иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг тусгаарлан ажиглах байранд болон ХСҮТ, Цэргийн төв эмнэлэгт үзүүлж байна. Тусгаарлалтад байгаа иргэдийн шүд өвдөх, өөрийгөө бэртээх, зулбахыг завдах зэрэг зүйл гарсан. Тухайн тохиолдол бүрт нь тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа" гэв.
Тэрбээр мөн "Тусгаарлан ажиглах Цэргийн төв эмнэлэгт гадаадын улс орноос ирсэн, шинжилгээний хариу сөрөг гарсан, гэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай иргэдийг тусгаарлаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Энэ чиглэлийг өөрчилж, Цэргийн төв эмнэлэгт цаашдаа COVID-19-ийн халдвартай иргэдийг авч эмчлэх чиглэлд бэлтгэл хангаж байгаа" гэв.