“Франкфуртаас ирэх онгоцыг ЭРСДЭЛТЭЙД ТООЦОЖ байна“
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Дархан-Уул аймгийн болон ХӨСҮТ-ийн лабораторид 217 сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Үүнд дараах иргэд хамрагдсан.
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ
- Тандалтын 74 хүн /Үүнд Дундговь, Төв аймаг, нийслэлийн төв эмнэлгүүдээс цуглуулсан сорьц багтсан/
- Дархан-Уул аймгийн лабораторид ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 21 жолооч, ажиглалтад тусгаарлагдаж байсан 99 хүнд давтан шинжилгээ хийлээ.
Өчигдөр эхний чартер нислэгээр ирсэн иргэдийг хүлээн авлаа. Эдгээрээс таван хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Өчигдөр ирсэн хүмүүсийг орой болтол байранд нь оруулах ажиллагаа явагдсан. Өнөөдөр эхний шинжилгээгээ хийж эхэлнэ. Бидний хувьд аюул өнгөрөөгүй байна.
Франкфуртийн онгоцоор ирэх иргэд хүнд байх болно гэж тооцоолж байгаа, онцгой анхаарал тавьж ажиллана.
Тодорхой хугацаа өнгөрөхөөр бид тайвшрах ёсгүй, бие биедээ хатуу шаардлага тавьснаар Монгол Улсыг аварч байгаа юм.
Маскаа зүүх, нимгэн даавуун бээлий өмсөх, гараа сайн угаах, хоол ундаа сайн болгож хэрэглэхийг зөвлөе. Халуун цай, шөл уух нь бидний давуу тал. Энэ нь амьсгалын замын бактерийг уушги руу биш ходоод руу аваад орчихдог.
Таны эрүүл мэнд таны гарт байгаа. Халдварыг дотроо алдчихаагүй тул сайн сайн хичээх хэрэгтэй.
Хэдий олон дахин өгч байгаа ч уйдахын аргагүй зөвлөмж юм. Тэвчээр, хатуужилтай байж цаг хугацааг даван туулна. Бие биенээ хянаж, хатуу шаардлага тавьснаар цаг хугацаа болон коронавирусийг ялна" гэв.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Чартерийн онгоцоор ирж буй бүх хүнийг шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байна. Гэхдээ Европын орнууд өөрсдийнхөө хүмүүсийг шинжилж чадахгүй байгаа нөхцөлд гадаад иргэдээс шинжилгээ авч чадахгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Иймээс Европоос ирсэн хүмүүс хамгийн эрсдэлтэй тул ард иргэдийг сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулж байна." гэв.