М.ТУНСАГ: Эмч нар ард түмэнтэйгээ хамтарч халдвараас сэргийлэх боломжтой

2020 оны 4 сарын 27

Arslan.mn

Зочин М.ТУНСАГ ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал, клиникийн профессор

-Энэ халдварын дэгдэлт хэдийд буурах бол гэсэн хүлээлт иргэдийн дунд байгаа. Үүнд хариулт өгөхгүй юү?

-“Ковид-19” дулааны улиралд намжмал байдалд орохыг үгүйсгэхгүй. Гэхдээ улирлын томуугийн үед хавсарч, улам хүнд байдалд орж болзошгүй. Тиймээс бид аливааг муугаар бодож, сэргийлэх ёстой болов уу. Тэгэхээр ард иргэд мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг зун ч, өвөл ч, намар ч, хавар ч ялгаагүй дагаж мөрдөж байх л хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдсөнөөрөө бид муудаагүй. Халдварт өвчин 15.2 хувиар буурлаа. Бид хүүхдүүдийнхээ гарыг сайтар угаалгадаг болоод байна. Мөн амны хаалтаа зөв зүүх нь ч өөрсдийгөө, ар гэрээ, үр хүүхдээ эрсдэлээс хамгаалж байгаа хэлбэр шүү дээ.

-Хорио цээрийн үед цагдаа, эрүүл мэндийн байгууллага нягт хамтран ажиллаж байна. Ингэснээр үр дүн нь илүү бодитой харагдаж буй нь ажиглагдлаа. Цагдаагийн ажилтнууд болон эрүүл мэндийн салбарынхан маань халдварт өвчин туссан, эсвэл сэжигтэй тохиолдол бүхий иргэдтэй шууд харилцана. Тэгэхээр цагдаагийн алба хаагчид болон эмнэлгийнхэн эрсдэлтэй нөхцөлд ажилладаг гэсэн үг. Тэднийг халдвараас хэрхэн сэргийлж байгаа вэ?

-Цагдаагийн алба хаагчид маш их стресс дунд ажиллаж, амьдардаг. Монголчууд хуулиа сахидаггүй. Хуулийн дагуу шаардлага тавихаар иргэд өөдөөс нь хэрэлддэг. Явангуут нь цагдааг муулдаг. “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэсэн үг бий. Тухайн хүн хэрэг, зөрчил гаргаагүй бол цагдаа тухайн хүнтэй зууралдахгүй шүү дээ.

Өнөөгийн энэ цаг үед иргэдийг амны хаалт тогтмол зүүн, гараа угааж ариутгах, шаардлагагүй үед олон нийтийн газраар зорчихгүй, бөөгнөрөл үүсгэхгүй байх талаар цагдаагийн байгууллагаас шторк, мэдээ мэдээллийг түгээж буй нь үр дүнгээ өгч байна. Манай цагдаагийн алба хаагчид ямар нэг халдварт өвчтэй хүнийг мэдэхгүй шууд л харилцаж байгаа. Тиймээс томуугийн тархалтын үеэр эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд энэ өвчний эсрэг вакцинаа хийлгэх нь нэн түрүүнд тавигдах асуудал. Сүрьеэгээс урьдчилан сэргийлэхийн тулд маскаа сайн зүүж хэвшин, урьдчилан сэргийлэх үзлэгт зургаан сар тутамд орох ёстой.

Миний төрсөн дүү цагдаагийн алба хаагч байсан юм. Төв аймгийн Баянчандмань, Борнуур сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байлаа. Ид хийж бүтээх 40 настайдаа өвчний улмаас нас барсан. Тэгэхээр цагдаагийн алба хаагчид амь, биеэ үл хайхран ард иргэдийнхээ амар тайван аюулгүй байдлыг хангах манаанд зогсож байдаг. Дүүгээ хүнд өвчтэй, цус алдаж байхад би энд эмнэлэгтээ элэгний өвчтэй 60 хүний эрүүл мэндийн төлөө ажлаасаа гарч чадахгүй, ар гэр, төрсөн дүүгээ ч бодолгүй төрийн төлөө зүтгэсэн байна гэж одоо боддог юм.

Нийслэлийн хэмжээнд хамгийн их халдварт өвчин гардаг дүүрэг бол Сонгинохайрхан, Баянзүрх. Цагаандаваа, Улаанчулуут орчимд амьдардаг иргэдийн дунд гэдэсний элдэв халдварт өвчин их гарна. Манай эмч тухайн хэсэг рүү дуудлагаар очоод ирэхдээ үнэхээр өрөвдмөөр, нулимс асгармаар зүйл ярьдаг юм. Яагаад гэвэл өвөл гэрт нь ороход идэх хоолгүй, эцэг, эх нь архи уугаад уначихсан, хүүхдүүд нь хучих хөнжилгүй, хөлдөж, осгох шахаад чичрээд сууж байгаа тохиолдол нэг бус. Ийм л хүнд нөхцөл байдал руу эмч, цагдаагийн ажилтнууд хамгийн түрүүнд очдог шүү дээ.

Цагдаагийн алба хаагчид манай эмнэлгийг хамгаалалтад авснаас хойш “Нарантуул” захын архичид хашааг маань тойрч архиддаг, энд тэндгүй бие засаж, нус, цэрээ хаядаг байсан нь одоо байхгүй болсон. Энэ онцгой нөхцөлд цагдаагийн алба хаагчид хууль, дүрэм, журам сахиулахаар ирж, хамгаалалтад зогссон л бол манай эмнэлгийн эмч, ажилтнууд ч, жирийн иргэд ч түүнийг нь үг дуугүй л биелүүлэх ёстой.

-Та түрүүнд эмч, цагдаа нар хамгийн түрүүнд хүнд нөхцөл байдалтай тулдаг гэлээ. Гэтэл “Эрийн муу цагдаа, эмийн муу сувилагч” гэсэн үр иргэдийн дунд байдаг шүү дээ. Уг нь энэ үг бол халдварт өвчин эсэргүүцэж яваа эмч, цагдаагийн ажилтныг муулсан, тэмбүүтэй хүний хэлсэн үг л өдий болтол олны дунд байсаар. Түүхийг нь сөхвөл, 1940-өөд оны үед БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс Өнгөний өвчинтэй тэмцэх тухай тогтоол гаргаж, эмчилгээнээс зугтсан хүмүүсийг албадан эмчлэхээр болсон гэдэг. Монголын хүн амын багагүй хэсгийг өвчлүүлээд байсан халдварт тэмбүү өвчтэй хүмүүсийг эмч, цагдаа нар л хамтарч илрүүлэн хүч хэрэглэн эмчилж байсан. Энэ үед баян хятад иргэдтэй дотно харилцаатай байдаг нэг эмэгтэйг олж, хүчээр тариа тарихад дээрх үгийг хэлж хараасан гэдэг юм билээ. Уг нь хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө зүтгэж явсан эмч, цагдаагийнхан ийм доромжлол хүлээх ёсгүй баймаар.

-Хамгийн хэцүү зүйлийг цагдаа, эмнэлгийнхэн л хардаг шүү дээ. Эрийн муу цагдаа, эмийн муу сувилагч гэдэг үгэнд би үнэхээр дургүй. Маш их уур хүрдэг. Эмч миний туслагч бол сувилагч. Би өвчтөнөө үзэж, чагнаад яаралтай ийм эмчилгээ, сувилгаа хий гэхэд бүгдийг нь хийж байгаа тэр сувилагч хүн яахаараа муу байна гэж. Цагдаа нар ч гэсэн жирийн иргэд бидний эрхийг хамгаалж, аюулгүй байдлыг хангаж байхад яахаараа муу хүн гэж. Төрийн албыг үнэнч шударгаар хийж байгаа гол салбарынхан бол эрүүл мэндийн болон цагдаа, онцгой байдлын байгууллагынхан шүү дээ.

Энэ ташрамд, цагдаагийнхандаа баярлаж буйгаа илэрхийлье. Учир юу гэвэл, өнгөрсөн өвөл Сонгинохайрхан дүүргээс хүнд өвчтэй хүүхдийг ХӨСҮТ-д яаралтай авчрахад цагдаагийнхан маань тусалж, тухайн хүүхдийн амийг аварсныг олон нийтийн сүлжээгээр цацсан шүү дээ. Сонгинохайрхан дүүргийн нутгаас тухайн хүүхдийг авчрахад зам маш их түгжрэлтэй, яаралтай тусламжийн автомашины хүчилтөрөгч дуусах гээд байгаа талаар жолооч, эмч нар маань утсаар надад хэлсэн юм. Тухайн хүүхдийн амин үзүүлэлт нь ч унаж байгааг тэд хэллээ. Тэр даруйд нь ТЦА-ныхантай холбогдож учир байдлыг хэлэхэд дор нь арга хэмжээ авч, 10-хан минутын дотор Сонгинохайрхан дүүргээс тухайн хүүхдийг авчирч Яаралтай тусламжийн тасагт шилжүүлсэн. Тэр хүүхэд өнөөдөр эрүүл саруул болчихсон явж байгаа. Энэ бол цагдаагийнхандаа баярлаад баршгүй үйл явдал болсон.

-Элэгний эмч М.Тунсаг гэдгээр тань зарим хүн андахгүй. Эмч мэргэжлийг хэзээ эзэмшив?

-Анагаах ухааны дээд сургуулийг 1985 онд төгсөж, эмч мэргэжил эзэмшиж байлаа. Төв аймгийн Баяндэлгэр сумын хүн эмнэлгийн эмчээс ажлын гараагаа эхэлсэн. Ингээд хоёр жилийн дараа тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт дотрын эмчээр шилжин 10-аад жил ажилласан. 1995 оны дөрөвдүгээр сард ХӨСҮТ-д элэгний эмчилгээний тасгийн эмчээр шилжин ирснээс хойш 25 жил энэ төвдөө ажиллаж байна. 2013 оноос өнөөдрийг хүртэл эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирлын албыг хашиж байна.

Arslan.mn

-Манай улсад элэгний өвчлөл өргөн хүрээтэй тархсан шалтгаан нь юу юм бол. Элгийг юу хамгийн их гэмтээдэг вэ?

-1970-аад үед тариур буюу шприц буцалган дамжуулж тарьдаг байлаа. Тэр үед элэгний вирус нэлээд тархсан гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн шивээс, аборт, цус, цусан бүтээгдэхүүн нь вирус дамжуулагч болж байсан. 2015 оноос Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд гепатитийн вирусийн халдварын эрт илрүүлэг шинжилгээнд эрүүл мэндийн даатгалтай 929 129 иргэнийг хамруулсанбайгаа. Энэ нь хамрагдвал зохих 15-аас дээш насны хүн амын 60.6 хувийг эзэлсэн бөгөөд мөн эрүүл мэндийн даатгалгүй олон хүн элэгний В,С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээ, эмчилгээнд хамрагдаад байна. 2020 онд Монгол Улсын иргэн бүрийг элэгний С вирусгүй болгох зорилт тавин ажилласнаар одоо манай хүн амын 95 хувь нь энэ төрлийн вирусийн шинжилгээнд хамрагдсан, эмчлүүлсэн эерэг үзүүлэлттэй байна. Тэгэхээр монгол хүн элэгний цирроз, хатуурал, хавдар багасаж байгаа.

Элгийг хамгийн их гэмтээдэг зүйл бол архи. Түүний хэрэглээнээс шалтгаалан бүхэлдээ өөхөлж, улмаар 5-10 жилийн дараа хатуурч чулууждаг. Энэ нь элэгний хорт хавдрын эхний шат. Ингэж хатуурсан элэгний ар талд хавдар үүсэж байдаг. Архийг хэтрүүлж, шартатлаа ууна гэдэг бол элэгнийхээ 80-90 хувийг гэмтээж байна гэсэн үг. Удаах нь мах. Монголчууд өдөрт гурван удаа махан хоол хэрэглэж буй нь төмрийн илүүдэл үүсгэж байгаа юм. Махан хоолонд агуулагдах төмөр нь элгэнд маш хүчтэй нөлөөлдөг. Уураг мөн элгэнд сөрөг нөлөөтэй. Сүүлийн үед залуус фитнесээр хичээллэхдээ уургийг буруу хэрэглэх болжээ. Уураг бол аминхүчил. Энэ аминхүчил хүний биеийн булчинд тодорхой хэмжээний тэжээл өгөх үүрэгтэй. Гэтэл хүмүүс өөрийн биеийн булчингийн массыг хэтрүүлж уураг уудаг. Хэт их хэмжээний уургийг элэг нарийвчлан задалж, булчинд хүргэхдээ цуцаж, аминхүчлийн илүүдэл үүсэн гэмтээдэг юм.

-Нарийн мэргэжлийн эмчилгээ хийж, цөөнгүй хүний амийг аварсан гэдэг. Энэ дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Би 1998 онд Алматад хэвлийн усыг авч буцааж хийдэг нарийн мэргэшлийн эмчилгээний арга барилд дөрвөн сар суралцсан юм. Элэгний өвчин вирусийн гаралтай ч бай, архины гаралтай ч ялгаагүй хүндрэхээрээ гэдэс буюу хэвлий шингэнээр дүүрдэг. Уг шингэнийг авч судсаар уургийг нь хийдэг. Гадуур байгаа уургийн эмчилгээний бэлдмэл авч өгснөөс илүүтэй реинфуз хийх шиг сайн үр дүнтэй арга одоогоор байхгүй. Би тэр үедээ сувилагч нартайгаа хамтран олон хүнийг энэ аргаар эмчилсэн. Цөөнгүй хүн баярласнаа илэрхийлж байлаа. Хэвлий нь шингэнээр дүүрч, дээшээ харж хэвтэж ч чадахгүй, хавирга нь мултарчих гээд орж ирж байсан тийм олон хүний гэдсийг суллан зовлонгоос ангижруулсан. Энэ эмчилгээнийхээ арга барилд би их дуртай. Сүүлийн хэдэн жил удирдах ажил хийгээд эмчилгээнээс холдоод байна.

-Элгээ хамгаалъя, баярлуулъя гэвэл яах ёстой талаар хамгийн энгийн аргыг хэлж өгөөч. Ер нь элэг өвдөж байгаа нь ямар шинж тэмдгээр илэрдэг юм бол?

-Элэгний С вирусийн халдвартай хүн ядраад, унтаад л байдаг юм. Хамгийн эхний зовуурь бол шалтгаангүй ядарч, сульддаг. Мөн царай нь харлаж, нүдний хэсгээр шарладаг. Аюулхай орчимд өвдөх зовуурь бол сүүлд илэрнэ.

Хамгийн гол нь архи хэрэглэхгүй байх, өөх тостой зүйл бага хэрэглэх, хорт зуршлаас хол байх хэрэгтэй. Мөн шивээс, шүд авхуулах зэрэгт халдвар хамгааллыг сайтар хийлгэж, сэргийлэх нь чухал. Түүнчлэн манай бүсгүйчүүд хумсаа будуулах, засуулах гээд маникюр, педикюр хийлгэж байгаа. Тэнд ашиглах багаж хэрэгслийг сайтар ариутгах хэрэгтэй. Тухайн багаж, хэрэгслээр элэгний вирусийн халдвар тархах магадлал маш өндөр байдаг.

Элгээ баярлуулъя гэвэл зөв хооллож, эерэг энергитэй байж, өөдрөг зүйл бодох хэрэгтэй. Ер нь хүн бүр сайн сайхан зүйлийг бодож байх нь чухал. Хүмүүс бие биеэ урамшуулж, баярлуулах ёстой. Монгол хөрсөндөө ургасан ногоо, буудайгаар хийсэн гурилаа идэж, олон төрлийн эмийн ургамал идэж буй малынхаа махаар бид зөв зохистой хооллох нь эрүүл байх нэг үндэс гэж боддог доо.

Цолмон

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616549
1 эможи
keyboard_arrow_up