ЭМЯ: Өчигдөр шинээр 38 хүн ажиглалтад нэмэгдэж, 291 хүн ажиглалтаас гарсан
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөөдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 213 улс оронд бүртгэгдэж, нийт 2.7 сая хүн өвчлөөд байна.
Мөн өвчний улмаас 190 мянган хүн нас барсан бол 740 гаруй мянган хүн эдгэрчээ. Одоогоор уг өвчний улмаас 1.7 сая хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм.
Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д 4,774 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 62 мянган хүн COVID-19 халдвараар өвчилжээ. Мөн өчигдөр 42 хүн нас бараад байна.
Эрхүү мужид 75, Буриадад 163, Алтайн бүгд найрамдах улсад 75 хүн халдвараар өвчилсөн байна. Тус улсад хүмүүсийн хөдөлгөөнийг багасгах арга хэмжээг авч байна. Мөн метрогоор үйлчлүүлж байгаа хүмүүс хоорондын зайгаа бариагүй тохиолдолд 5,000 рублиэр торгохоор зохицуулжээ.
Манай улсын хувьд ажиглалтад нийт 958 хүн байна. Өчигдөр шинээр 38 хүн ажиглалтад нэмэгдсэн бол 291 хүн ажиглалтаас гарсан. Ажиглалтад байгаа хүмүүст тусламж үйлчилгээ хэвийн явуулж байна.
119 дугаарын утсанд энэ хугацаанд 220 дуудлага иржээ. Үүнд Чех, Испани, БНХАУ, ОХУ, Их Британи зэрэг орнуудаас манай иргэд халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл авсан байна.
Гадаадад байгаа иргэддээ хандаж хэлэхэд, ЭМЯ-ны вэб хуудсанд COVID-19 гэсэн зөвлөгөө өгөх хэсгээс мөн бүх зөвлөгөөг авах боломжтой” гэв.
ШУУД ҮЗЭХ: