Тээврийн жолоочоос КОРОНАВИРУС илэрч, 34 дэх тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шуурхай хэвлэлийн хурал хийж байна.
ЭМЯ-ны мэдэгдэж буйгаар Монгол Улсад коронавирусийн батлагдсан нэг тохиолдол бүртгэгдлээ гэв. Уг тохиолдол нь Алтанбулаг боомтоор дөрөвдүгээр сарын 18-нд Монгол Улсад орж ирсэн хүн юм байна.
Тус иргэн нь гэр бүлээрээ ирсэн тээврийн жолооч бөгөөд хилээр орж ирээд тусгаарлалтад байсан талаар ЭМЯ мэдээллээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өмнө нь Алтанбулагийн хилээр иргэдээ оруулах, тусгай үүргийн нислэгээр хүмүүсээ авчрах явцад коронавирусийн тохиолдол зөөвөрлөгдөх эрсдэл байсан. Харин тээврийн жолоочоос коронавирус илэрсэн нь дахин нэг эрсдэл бий болсныг харуулж байна. Өдийг хүртэл хугацаанд 79 жолоочийг тусгаарлаж, ажиглалт, шинжилгээ хийсэн. Тухайн жолоочтой ойрын хавьтал болсон хяналт, шалгалтын ажилтнуудыг тусгаарлаж, шинжилгээ хийнэ. Гэхдээ тэдгээр ажилтнууд бүгд хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй байсныг энд тодотгох нь зүйтэй" гэв.
ШУУД ҮЗЭХ:
Өмнө нь бүртгэгдсэн COVID 19-ийн 33 тохиолдол:
- Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
- Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
- Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
- Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг гуравдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ээс мэдээлэв.
- Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг 2020 оны гуравдугаар сарын 21-нд мэдээлж байв.
- Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг 2020 оны гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
- Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн буюу 12 дахь тохиолдол болсныг гэж 2020 оны гуравдугаар сарын 28-нд ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
- 2020.04.01-ны өдөр тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрсэн.
- 2020.04.06-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.
2020.04.08-ны өдөр Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. - 2020.04.13-ын өдөр 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. Алтанбулагийн боомтоор ОХУ-аас ирсэн иргэдээс сэжигтэй 20 тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байсан юм.
- 2020.04.14-ны өдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.
- 2020.04.19-ны өдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.20-ны өдөр ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдлээ.