Сүүлийн 24 цагт АНУ-д халдвар 9, Испанид 5, Францад 8 хувиар нэмэгджээ
Эрүүл мэндийн яамнаас хийсэн мэдээллийн үеэр ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлийн 24 цагт АНУ-д халдвар 9, Испанид 5, Францад 8 хувиар нэмэгджээ.
Нас баралтаар Франц хамгийн өндөр буюу 16 хувьтай, Итали улс 13%-тай байна.
ДЭМБ-аас сэжигтэй болон батлагдсан тохиолдлын хавьтлуудыг эрт тусгаарлаж, шинжилгээ хийхийг зөвлөмж болгож байгаа.
Сүүлийн үед хийгдэж буй тархвар зүйн судалгаанаас харахад халдвар авсан хүмүүс шинж тэмдэг илрэхээс өмнө болон илэрснээс хойш халдвар тараах эрсдэлтэй тул хавьтлуудын судалгааг эрт эхлүүлж, тусгаарлах нь чухал.
Судалгаагаар шинж тэмдэг эхэлснээс хойш эхний 7 хоногт вирус ихээр ялгарч, 4 дэх хоног дээрээ оргил үе дээрээ хүрч, шинж тэмдэг арилсанаас хойш ч тодорхойлогдож байна.
Шинж тэмдэг илэрсэнээс 8 хоногийн дараа авсан сорьцод амьд вирус ялгаагүй байна.
Сингапурт 48%, БНХАУ-ын Тяньжин мужид 62% нь халдвар шинж тэмдэггүй үедээ тархжээ.
Мөн огт шинж тэмдэггүй тохиолдлоос халдвар тархаж байгаа. Тухайлбал, Уханьд лабораториор батлагдсан 26,000 тохиолдлын 60%-д нь шинж тэмдэг илрээгүй буюу хөнгөн хэлбэртэй байжээ.
Хүнд тохиолдлын нэлээд хувийг залуучууд эзэлж байна. Японд хүнд өвчтөний 27, Солонгост 14 хувийг 60-аас доош насныхан эзэлж байна.
Хятадад хийгдсэн 334 голомтын судалгаанаас харахад 85 хувь нь гэр бүлийн дотор тархсан. Хонг Конгт нийт батлагдсан халдварын 66 хувь нь мөн гэр бүлд тархсан байна" гэв.