Монгол Улсад анх удаа баруун байрлалтай зүрхтэй хүнд титэм судсан дотуур тэлэгч стент суулгах эмчилгээг хийжээ
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ангиографийн оношилгоо, эмчилгээний тасгийн зөвлөх эмч АУ-ны доктор, профессор З.Лхагвасүрэн ахлагчтай судсан дотуурх мэс засал эмчилгээний баг энэ сарын 15-нд төрөлхийн баруун байрлалтай зүрхтэй 57 настай, эмэгтэйд титэм судсан дотуур тэлэгч стент суулгах мэс заслыг амжилттай хийжээ.
Мэс ажилбарын үед ямар нэгэн хүндрэл гараагүй бөгөөд эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүн сайн байгаа аж.
Баруун байрлалтай зүрхтэй хүний титэм судасны эхлэл хэсгүүд хэвийн бус байрлалтай байдаг онцлогоос шалтгаалан титэм судсан дотуурх мэс заслын аргаар оношилгоо, эмчилгээ хийхэд стандарт арга барилаас өөр байдаг тул зарим тохиолдолд өвөрмөц, тусгай зориулалтын хэрэгсэл ашиглах шаардлага гарч, ажилбар хийж буй эмчээс илүү туршлага, ур чадвар шаарддаг байна.
Төрөлхийн баруун байрлалтай зүрх ховор бөгөөд ойролцоогоор 10 мянган хүн амд нэг тохиолддог гэж үздэг. Хэвийн бус байрлалтай зүрх хэдий ч титэм судасны эмгэгүүдийн тохиолдох хувь нь ердийн байрлалтай хүнийхээс ялгарах зүйлгүй.
Эх сурвалж: ЭМЯ