А.Амбасэлмаа: Эрээнээс ирэх иргэдийг хилээр орж ирмэгц тусгаарлаж, шинжилгээ авна
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн хариултад хариуллаа.
Тэрбээр "Сонгдо эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэний нэг нь хорт хавдартай бөгөөд нэлээд олон хоног тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Харин нөгөөх нь архаг бронхиттой буюу хоёулаа уушгины өвчтэй байсан учраас рентген аппаратаар уушгинд бага зэрэг сүүдэр харагдсан байна.
Тиймээс эмнэл зүйн уг шинж тэмдгийг үндэслэж, Сонгдо эмнэлгийнхэн сорил тавьсан.
Гэхдээ коронавирусийг оношлохдоо ДЭМБ-ын удирдамжийн дагуу эхлээд халдвар судлалын асуумж бөглүүлэх шаардлагатай байдаг. Харин энэ хоёр хүнд уг асуумжаар сэжигтэй зүйл байхгүй буюу өвчлөл өндөр бүртгэгдэж буй бүс нутгаар аялсан болоод сэжигтэй хүнтэй хамт байсан зүйл байхгүй. Мөн түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан учраас бид PCR шинжилгээг хийсэн. Хариу сөрөг гарсан.
Тусгаарлалт, ажиглалтад байгаа хүмүүс болон сэжигтэй гэсэн тохиолдлуудад уг тестээр мөн шинжилгээ хийдэг. Одоогоор эерэг буюу коронавирус илэрсэн гэсэн үзүүлэлт гараагүй.
Хятадын талаас Эрээнээс гарахад нь шинжилгээ хийнэ гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Мөн бид тэдгээрийг хилээр орж ирэхэд нь тусгаарлаад тодорхой хугацааны дараа бид шинжилгээ авна.
- Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тухайн хүний зээ хүү нь гадаадад аялаад ирсэн гэсэн мэдээлэл байсан. Түүнийг яагаад тусгаарлахгүй байгаа юм бэ?
Зээ хүү нь хоёрдугаар сарын 23-27-ны өдрүүдэд Улаан-Үдэ хотоор аялсан гэх мэдээлэл байгаа ч халдвар судлалын хамааралгүй учраас түүнийг тусгаарлахгүй.
Мөн тухайн үед аялсан газарт нь өвчлөл гайгүй байсан. Тэрнээс хойш одоо хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Тэр хүү өвөө дээрээ гуравдугаар сарын 20-ны өдөр дөнгөж юм оруулж өгчихөөд гарсан. Түүнээс хойш мөн одоо 20 гаруй хоног өнгөрсөн.
Бид халдвар судлалынхаа заалтаар л тусгаарлах бөгөөд хүн бүрийг тусгаарлаад байна гэж байхгүй.
-Техникийн спиртийг гар ариутгагчид ашигласан мэдээлэл байна. Хэрвээ үнэхээр техникийн спиртийг тэгж ашигласан байвал хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ?
А.Амбасэлмаа: -Тэр талаар бид мэдээлэл сайн аваагүй учраас хариулж мэдэхгүй. Техникийн зориулалтын спиртийг ашиглах ёсгүй. Тэр ташаа мэдээлэл байх гэж бодож байна.