БНСУ-д коронавирусийн халдвар аваад эдгэрсэн 111 хүнээс дахин халдвар илэрчээ
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнуудын авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "АНУ-д шинэ төрлийн коронавирусийн халдварын нийт тохиолдлын тоо 532,000 гаруй, нас баралт 21,400 гаруй болсон байна. Халдварын цөм Нью-Йорк мужид эсрэг бие үзэх шинжилгээ хийх талаар мужийн захирагч шийдвэр гаргажээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Франц улсад 315, Италид 431 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх өдрүүдээс буурсан байгаа бол Испанид 619 нас баралт бүртгэгдэж, өмнөх өдрүүдээс нэмэгдсэн байна.
Турк улсад халдвар эрчимтэй тархаж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинэ тохиолдлын тоо 4,789-өөр нэмэгдэж, нийт халдвар авсан тохиолдлын тоо 56,956 болсон талаар тус улсын Эрүүл мэндийн сайд мэдээлсэн байна.
Ням гарагт Япон улсын нийслэл Токио хотод халдварын шинэ тохиолдол 166 бүртгэгдснээр нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 2,000 гаруй болжээ. Япон улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 7,400-д хүрсэн бөгөөд 150 нас баралт бүртгэгджээ.
БНСУ-д эдгэрсэн 111 хүнээс дахин халдвар илэрсэн талаар тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн албаны газрын захирал мэдээлжээ." гэв.