ОХУ-аас ирсэн 276 иргэний 100 гаруйг нь Дархан-Уулд тусгаарлажээ
Манай улсын хойд хил Алтанбулагийн хилийн боомтыг өнгөрсөн сарын 28-наас хааж, иргэдийн хөл хөдөлгөөнийг хориглоод байгаа. Гэвч эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд, оюутнуудыг ОХУ-аас татан авч хилээр нэвтрүүлж байна. Энд ХХЕГ-ын хилийн ангийн алба хаагчид, МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгаалалтын улсын байцаагч нар, Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Мөн ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын ажилтнууд, Зооноз өвчин судлалын Үндэсний төвийн мэргэжилтнүүд өндөржүүлсэн бэлэн байдалд иргэдийг хилээр нэвтрүүлэн ажиллаж байна.
Тус боомтоор ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 276 иргэн өчигдөр орж ирсний ихэнх нь ОХУ-ын нийслэл болон бусад хотод сурч буй оюутнууд юм. Эдгээр иргэдээс 100 гаруй иргэнийг Дархан-Уул аймагт тусгаарлаж үлдсэн иргэдийг нийслэл рүү шилжүүлээд байна.
Иргэдийг хилээр нэвтрүүлэхдээ олноор нь бус цөөн цөөнөөр нь оруулж эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлт хийн асуулга авч байна. Энд юуны өмнө сургууль нь түр хаагдсан, оюутны дотуур байрнаасаа гарсан, мөн хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, эмчлүүлж байсан, цалин орлогогүй болсон иргэдийг эхний ээлжинд оруулж ирж байна.
Импортын бараа тээвэрлэсэн машинуудыг бүрэн хяналт дор халдваргүйжүүлж байна
Хилээр нэвтэрсэн ААН, иргэдийн автомашин болон ОХУ болон Европын орнуудаас транзит буюу дамжин өнгөрч буй болон манай улсад импортын бараа тээвэрлэж ирсэн тээврийн хэрэгслийг тодорхой хугацаагаар хяналтад байлган ариутгал халдваргүйжүүлэлт хийн хөдөлгөж байна. Импортын тээврийн ачааны автомашинуудыг бүрдүүлэлт хийх терминал руу цагдаагийн хамгаалалт дор шилжүүлж, хяналт шалгалт, бүрдүүлэлт, ариутгал халдваргүйжүүлэлт хийсний дараа буцаад Алтанбулагийн боомтын хашаанд ирүүлж байна.
Эх сурвалж: Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар
|