Нэгдүгээр эмнэлэгт бамбай булчирхайн дурангийн мэс заслыг анх удаа хийлээ
УНТЭ-ийн мэс заслын эмч С.Отгонбаяр ахлагчтай эмч нарын багаараа гуравдугаар сарын 25-ны өдөр бамбай булчирхайн зангилааг хөх, суганы хүрц (BABA)-ээр дурангийн аргаар авах мэс заслыг анх удаа амжилттай хийжээ.
Үйлчлүүлэгч 37 настай эмэгтэйн хүзүүн дэх өвчин үүсгэвэр гэнэт томорсон, хүзүү хоолой дарсан зовиуртай байжээ. Бамбай булчирхайн баруун талын уйланхайт зангилаатай гэх оношийн дагуу эмчилгээ хийхэд үр дүн өгөөгүй тул дурангийн мэс заслыг сонгосон байна.
Ийм эмгэгийн үед уламжлалт нээлттэй мэс засал хийхэд хүзүүний өмнөд хэсэгт 5-10 см урт хөндлөн зүслэг хийж бамбай булчирхайг авдаг. Харин уг дурангийн мэс заслын аргыг сонгосноор хүзүүнд ил харагдах хэсэгт шарх сорви үүсэхгүй, хөхний дээр 5 мм, суганы урд хэсэгт 5 мм зүслэг хийж авдаг учир гоо сайхныг алдагдуулахгүй давуу талтай.
Үйлчлүүлэгчид хөнөөл багатай энэхүү шинэ технологи нэвтэрснээр үйлчлүүлэгчид орчин үеийн бамбай булчирхайн мэс заслын тусламж үйлчилгээг өөрийн орондоо авах боломж нээгдэж байна хэмээн УНТЭ-ээс мэдээллээ. Энэ мэс заслыг М.Баярмагнай, Б.Ганзориг, Ц.Ишдорж Анестезиологич эмч Б.Хишигсүрэн, мэс заслын сувилагч С.Жанболат, Анестезиологийн сувилагч Б.Энхтуяа резидент эмч Б.Наранцогт, Д.Хишигжаргал нар багаараа хийсэн байна.