Коронавирусийн халдвар аваад эдгэсэн иргэн Д: Би үнэхээр азтай хүн. Эх орон минь намайг түшээд авлаа
-"КОВИД-19" ХАЛДВАР АВААД ЭДГЭСЭН ИРГЭД ХӨСҮТ-ИЙН ЭМЧ Ц.ЧИНБАЯРТ УЛСЫН БААТАР ЦОЛ ОЛГОХЫГ ХҮСЛЭЭ -
Өчигдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн зөөвөрлөгдсөн 16 тохиолдол бүртгэгдсэнээс дөрвөн хүн эдгэж, 12 хүн эмчлүүлж байна. Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэсэн анхны тохиолдлыг гуравдугаар сарын 30-нд зарлаж, эдгэсэн хоёр иргэн маргааш нь эмнэлгээс гарч, сувилалд шилжсэн билээ. Монгол Улс дахь коронавирусийн анхны эдгэрэлтийг бүртгүүлсэн тэдгээр иргэдтэй ярилцлаа. (Тэдний хүсэлтээр нэрний эхний үсгийг өөрчлөв)
КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВААД ЭДГЭСЭН ИРГЭН Д: БИ ҮНЭХЭЭР АЗТАЙ БАЙЛАА. ЭХ ОРОН МИНЬ НАМАЙГ ТҮШЭЭД АВЛАА
-Гуравдугаар сарын 30-нд Д.Нямхүү дарга “Халдвар авсан иргэдээс хоёр иргэн эдгэлээ. Монгол Улсад анхны эдгэрэлт бүртгэгдлээ” гэдэг мэдээг дуулгахад монголчууд маш их баярласан. Одоо таны биеийн байдал ямар байгаа вэ?
-Биеийн байдлын хувьд ямар нэгэн зовуурь байхгүй. Би чинь эдгээд эмнэлгээс гарчихсан. Сувилалд байгаа шүү дээ.
-Анх хөл хорио тогтооход, дараа нь Францын иргэнээс халдвар илрэхэд нийтээрээ цочролд орж түгшсэн. Гэтэл таны хувьд бусад хүмүүсийн мэдэрч байсан тэр айдас, түгшүүрийн мэдрэмжийг бараг мянга дахин илүүтэйгээр өөрөө мэдэрч, дарамт, стресст орсон байх, тийм ээ?
-Тийм. Хүн маш их стресст ордог юм билээ. Би эндээс эрүүл мэндийн шалтгааны улмаас Солонгост очиход тэнд коронавирусийн ямар ч тохиолдол байгаагүй юм. Эмчилгээнд минь тодорхой хэмжээний хугацаа шаардагдах учраас тэнд байх шаардлага тулгарсан. Тэгээд тэнд байх хугацаанд минь уг вирусийн халдварын тохиолдол огцом өсчихсөн.
Би “За, маргааш эх орон руугаа нислээ” гэж байтал Улсын онцгой комиссын шийдвэр гарч, нислэгүүдийг хойшлуулчихсан юм. Халдвар авчих вий гээд айгаад л. Тэр хугацаанд өөртөө хөл хорио тогтоогоод гарч, орохгүй байсан. Гарсан тохиолдолд амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, ариутгаж байсан.
Миний хувьд өөрийгөө халдвараас сэргийлэхийн тулд бүхий л зөвлөмжийг маш сайн барьсан гэж бодож байсан. Тусгай үүргийн онгоцоор иргэдээ татаж байхаар болоход би эрүүл мэндийн шалтгаанаар явахын тулд эмчлүүлж байсан эмнэлгээсээ эмчийн дүгнэлт бичүүлж авах, Консул дээр очиж нэрээ бүртгүүлэх ёстой болсон. Эдгээр ажлаа хөөцөлдөх гээд явахдаа автобусанд суусан.
Хүн чинь маш их юм боддог юм байна. Би дандаа л масктай явж байсан, гараа тогтмол угааж байсан. Би юун дээрээ алдчихав да. Би өөрийгөө сайн хамгаалж байсан. Яагаад халдвар авчихав аа гээд халдвар авсныхаа дараа маш их юм боддог юм байна. Миний зүүж байсан маск энгийн маск байсан. Автобусанд явж байхад нэг хүн ханиалгахаар нь би сандраад гялс байраа сольж байсан гээд л дэндүү их юм боддог юм билээ. Халдвар авсан гэдэг таагүй мэдээг сонсоод л шоконд ороод, аягүй хүнд тусдаг юм билээ.
Би Солонгост хамаатныдаа байсан юм. Тэр хүмүүс намайг халдвар авсан гэдгийг дуулангуутаа тэндээ шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан.
Энэ бүхнийг бодоод “Би яагаад халдвар авчихав аа” гэж хэчнээн бодоод хариултыг нь олж чадахгүй байгаа ч гэсэн эндээс юуг ойлгож авсан бэ гэхээр энэ өвчин маш их өндөр халдвартай, эрсдэлтэй юм байна гэдгийг ойлголоо. Энэ бүгдийг өөрийнхөө биеэр туулж ойлгосон учраас хүмүүст энэ талаар ярьж байгаа юм шүү.
-“Тэнэж яваад вирус тээгээд эх орондоо ирлээ” гэх мэтээр халдвар авсан иргэдийг буруушаах, муушаах хандлага сошиалд байсан. Тухайн үед та сошиалд орж байсан уу?
-Сошиалд оронгуут л тийм юмнууд байгаад байсан. “Гадаадад байгаа хүмүүс тэндээ л үхнэ биз” ч гэх юм уу. Миний хувьд л гэхэд энэ өвчний тохиолдол огт гараагүй байхад гадаад явсан. Тэнд очсон хойно гэнэ?' тохиолдол нь ихэссэн шүү дээ. Надтай ижилхэн, эрүүл мэндийн шалтгаантай маш олон хүн тэнд байсан. Яах вэ дээ, хүмүүсийн сөрөг юмнууд байсан. “Яах гэж ирсэн юм”, “Яах гэж явсан юм” гэцгээж байсан. Тийм юмнуудыг уншвал бүр ч илүү стресс, депресст орчих юм билээ.
-Эмчилгээний явцад сошиалаас аль болох хол байхыг боджээ?
-Эмчилгээний явцад ер нь сошиал руу ороогүй дээ. Хүн чинь стресстэхээрээ юун сошиалд орж, тэр олон мянган сэтгэгдлийг унших вэ. Энэ өвчин дэлхийд шинээр бүртгэгдсэн өвчин. Үүсэж байгаа нөхцөл байдал ч хүмүүсийн хувьд шинэ.
Шинээр, анх удаа тохиолдож байгаа учраас хүн болгонд алдах, эндэх, туршлагагүй байх алдаж онох юм бүгдэд байгаа шүү дээ. Бусдыг муулж байгаа тэр хүмүүс өөрсдөө ийм нөхцөл байдалд ороогүй учраас зөв, буруу хэлж байгаагаа ч мэдэхгүй байгаа шүү дээ.
-Монгол Улсын эрүүл мэндийн салбар муу, тоног төхөөрөмж, хангамж хүрэлцээгүй байхад яах гэж гаднаас хүн зөөвөрлөөд байгаа юм бэ гэж дургүйцэж байсан ч эхний хоёр хүн эдгэхэд хүн болгонд итгэл найдвар төрсөн?
-Тэнд эмчилгээнд хамрагдаж байсан учраас дархлаа минь сул байсан. Би халдвараас Хамгаалах дэглэмүүдийг хангалттай биелүүлж байсан ч халдвар авсан байсан.
Хүмүүст дахиад л анхааруулахад, ЭМЯ-наас тогтмол анхааруулж байгаа анхааруулга, зөвлөмжийг ягштал мөрдөөд олон хүн бөөгнөрсөн газраар явахгүй байх, маскаа зөв, сайн зүүх, маскаа зөв тайлах, гараа сайн угаах хэрэгтэй. Ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл тэрийгээ үнэн зөв мэдээлээд өөрийгөө тусгаарлаад, эрт оношлуулаад эмчлүүлж, ЭМЯ-наас өгч байгаа зөвлөмжийг бүгдийг дагаж мөрдөх нь чухал юм байна.
Миний хувьд шинж тэмдэг харьцангуй бага байсан. Эрт шинжилгээ хийгдээд онош гаргаад эмчилгээ хийлгээд эдгэсэндээ би өөрийгөө үнэхээр азтай хүн гэж бодож байгаа. (Хоолой нь зангирав.сурв) Намайг эх орон минь түшээд авлаа. Эх орон минь түшээд авсны хүчээр би ингээд эдгэлээ гэж маш их баярлаж байгаа.
Миний эмчлэгч эмч Ц.Чинбаяр зөв, тактиктай эмчилгээг хийж эдгээлээ.
Халдвар авснаа мэдэнгүүтээ хүн маш их ганцаардалд ордог юм билээ. Тэгтэл намайг эмнэлэгт хүлээж авсан эмч, сувилагч нар маань маш элэгсэг, дотно байж, эелдэг харьцаж “Энэ өвчнийг, энэ халдварыг давна аа” гэсэн урам зориг, итгэл өгч байсан. Энэ нь намайг эдгэхэд маш их хэрэг болсон.
Тэр хүмүүс ажиллахдаа халдвар хамгааллынхаа дэглэмийг яг ёс журмынх нь дагуу сайн сахиж, ажлаа сайн хийж байна. Тэр бүгдийн хүчээр би эдгэлээ. Намайг эмчлүүлж байхад Ц.Чинбаяр эмч эмчилгээ хийхийн хажуугаар тодорхой хувь хүн, байгууллагуудтай холбогдоод эмчилгээний өрөөнүүдэд шинэ хүчилтөрөгчийн шугам тавих ажлыг удирдлагууддаа хэлээд зохион байгуулж байсан.
Эмч хүн цаашдаа нөхцөл байдал хүндэрвэл яах вэ, хүчилтөрөгчийн шугам нэмж хэрэгтэй болно оо, шаардагдана гэдгийг урьдчилж хараад хүмүүсийн хандиваар шинэчлэхийг нь хараад би маш их бахархаж байсан. Хийж байгаа ажилдаа сэтгэлтэй, ямар мундаг юм бэ гэж бахархаж байлаа.
-Халдварын голомт болох Уханиас дараа нь Солонгосоос иргэдээ онгоцоор авчраад Буянт-Ухаад буулгахад хүн бүхний нүднээс нулимс унаж байсан. Ялангуяа эх орондоо ирсэн иргэд баярлаж гар даллаж байсан. Эх орны үнэ цэнийг бүгд мэдэрсэн. Бас эв нэгдэл гэж юу байдгийг харцгаасан?
-Харин тийм ээ. Яг үнэн. Дэлхийн хэмжээний цар тахал. Энэ үед гол нь бид эв нэгдэлтэй байх нь чухал юм. Би “Баярлалаа” гэж олон хүнд хэлмээр байна.
-Бүгдэд нь баярласнаа илэрхийлж болно оо?
-Маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн үйл ажиллагааны үр дүнд бид ямар ч байсан бусад оронтой харьцуулбал эрсдэл бага, тайван байна. Тийм учраас тэр хүмүүст баярласан талархсанаа илэрхийлмээр байна.
Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж байна гэдэг чинь эх орноо хамгаалж байна гэсэн үг. Тиймээс энэ хүмүүс эх орноо хамгаалж байгаа. Эрүүл мэндийн салбарынхан, Улсын онцгой комисс, Онцгой байдлын бие бүрэлдэхүүн, Мэргэжлийн хяналт, цагдаагийн албан хаагчид гээд цаг наргүй, өдөр шөнөгүй ажиллаж байгаа энэ бүх хүний хүчин зүтгэлээр бас дээр нь манай ард иргэдийн хүчин чармайлтаар энэ хүнд цаг үеийг бид хамтдаа даван туулж гарч чадна аа гэдгийг өөрийн биеэр эдгэж, туулсан хүн учраас “Бид чадна” гэж итгэлтэй хэлье.
-Та хүмүүст хандаж юу хэлэх вэ?
-Манай төр засаг зөв шийдвэрүүд гаргаж байгаа. Гаргасан шийдвэрүүдийг нь иргэд дагаж мөрдөж, эв нэгдэл, дэг журамтай байх нь энэ өвчнийг даван дийлэхэд хамгийн чухал зүйл юм. Анхаарал болгоомжоо сулруулахгүй байх, эрүүл ахуйн дэглэмүүдээ сахиж байх нь ерөөсөө л хамгийн нэгдүгээрх асуудал.
Өгч буй зөвлөмжүүдийг нь ягштал биелүүлээд хэвшүүлчихвэл бүгдээрээ энэ өвчнийг даваад гарна. Гэхдээ бид цөөхүүлээ учраас хамгийн гол нь ДЭМБ, ЭМЯ, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг мөрдөж, анхаарал сэрэмжээ алдахгүй байх нь чухал юм байна шүү.
Би эрүүл мэндийн салбарынхан, эмнэлгийнхэн, сувиллынхан болон Д.Сарангэрэл сайддаа баярлалаа. Энэ хүмүүс өвчний эсрэг маш хурдан, зохион байгуулалттай ажиллаж чадаж байгаа.
Халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг маш сайн мөрдүүлж, вирусийн оношилгоо, эмчилгээг цаг алдалгүй, тасралтгүй хийж, дэлхийд гарч байгаа үр дүнтэй, шинэ эмчилгээг Монголд хурдан авчирч, эмчилгээндээ нэвтрүүлж байгаа Д.Нямхүү захиралтай ХӨСҮТ-ийн нийт хамт олон болон эмчлэгч эмч Ц.Чинбаяр, Б.Дармаа эмчдээ, сувилагч, асрагчдадаа баярласнаа дахин дахин илэрхийлж байна.
Надад иргэн хүний хувьд төр засагтаа гаргах нэгэн хүсэлт байна. Миний энэхүү хүсэлтийг “Өдрийн сонин” төр засагт уламжилж өгнө үү гэж хүсэж байна.
-Бололгүй яах вэ?
-Дэлхийд цар тахлын хэмжээнд хүрээд байгаа энэ халдвар анх Ухань хотод илэрч, тэр голомтоос 31 иргэнээ очиж авчрах болсон. Халдварын голомт руу явж оюутнуудаа авчрахаас эхлүүлээд галын шугаманд ажиллаж байгаа, анхны тохиолдол гэж бүртгэгдсэн Францын иргэнийг хөдөөнөөс очиж авчирснаас эхлүүлээд халдвар авсан иргэдтэй нүүр тулж, хамт ажиллаж байгаа, гэртээ нэг ч удаа хариагүй Ц.Чинбаяр эмч маань амь насаа үл хайхран ажиллаж байна.
Ц.Чинбаяр эмчид Монгол Улсын Баатар цол өгөхийг төр засгаасаа өөрийн зүгээс чин сэтгэлээсээ хүсэж байна (Хоолой нь зангирав. сурв).
КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВААД ЭДГЭСЭН ИРГЭН Ж:
Коронавирусийн халдвар аваад эдгэсэн иргэн Ж-тэй ярилцлаа.
-Таны бие сайн уу?
-Зүгээр зүгээр, сайн байна. Сувилалдаа амраад сууж байна.
-Таны шинжилгээний сорьцоос коронавирус илэрлээ гэдгийг сонсоод анх хямарсан нь мэдээж?
-Тэрийг чинь сонсоод даралт ихсээд, айлгүй яах юм бэ. Яаснаа ч мэдээгүй хүрээд ирсэн хүн чинь.
Шөнө 12, 01 цагийн үед шинжилгээ өгсөн. Маргааш нь хувцас хунар ч бэлдүүлэлгүй, яачихав аа гэмээр гэнэт л эмнэлэг дээр аваад ирэхээр чинь айлгүй яах юм. Ар гэрийнхэн гэхэд л нойр хоолгүй хонож байгаа юм чинь.
-Монгол эмч нарын гарт ирсэндээ баярласан байх?
-Баярлаж, найдалгүй яах юм. Нэг охин байсаан (Ц.Чинбаяр эмчийг хэлэв. сурв). Ёстой хөөрхий амьтан. Намайг эход харууллаа, зураг авлаа. Шинжилгээнүүд авлаа. Уушгины зураг авлаа. Надад олон эмчилгээ хийсэн.
-Эх орондоо ирсэн тэр мөчид юу бодогдсон бэ?
-Ирнэ гэж зүтгэсээр ирсэн. Хүүхдүүд намайг Солонгост үлд гэж байсан л даа. Би чинь нэг их харьдаг хүн болоод ирсэн чинь халдвар илрээд одоо ч харьж чадаагүй ингээд сууж байна шүү дээ.
-Өнөөдрийн (өчигдрийн) мэдээллээр дөрвөн хүн эдгэчихээд байна. Энэ аюулт өвчнөөс эдгэсэн гэдгээрээ та хүмүүст итгэл найдвар өгч байгаа, ялангуяа халдвар аваад эмчлүүлж байгаа хүмүүст?
-Тийм тийм. Намайг сайтад эмнэлэгт хорин хэд хоносон гэж бичсэн байна гэсэн. Хүүхдүүд тэгсэн. Тэгэхээр нь би “Юу яриад байгаа юм. Би дөнгөж долоо хоноод л эдгэчихсэн” гэж хэлсэн. Тэндээ хяналтад байж байгаад 14 хоноод гарсан. Энд 14 хонолоо. Дахиад давтан шинжилгээ авна гэсэн.
-Та манай “Өдрийн сонин”-оор дамжуулж талархал илэрхийлж болно шүү?
-Талархал илэрхийлэлгүй яах вэ. Эрүүл мэндийн яамандаа, Д.Сарангэрэл сайддаа, ХӨСҮТ, “Энхсаран” сувилал, эрүүл мэндийн салбарынхан, Онцгой байдал, Улсын онцгой комиссынхондоо баярлаж байна. Монгол Улс руугаа, эх орон руугаа ирнэ ирнэ гэж зүтгэж, нутаг ус руугаа ирэхгүй гээд яах юм би.
Нас тогтсон хүн. 65, 66 гарчихсан хүн. Ирэхгүй гээд ч яах юм. Тэгээд ирээд ийм нэг юманд орчихлоо. Одоо бол сайхан байна аа. Амралтад ирээд, цонхоороо уул хараад л сууж байна. Сайхан л байна. Дэлхийг айлгаж байгаа айхавтар юмнаас эх орон, эмч нарынхаа буянаар, бурхны өршөөлөөр мултарчихаад сууж байна.
-Тусгаарлалтад байсан хүмүүс гэртээ гараад ч өөрийгөө тусгаарлах ёстой. Тийм дэг сахих хүмүүст хандаж та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Дэглэмээ сахицгаагаад, Монгол Улсаа бодоцгоогоод бүгдээрээ сахилга батаа сайн анхаарч байхгүй бол эргээд гарахыг хэн байг гэхэв дээ. Тийм биз дээ. Маскгүй гадуур хэсэж болохгүй. Нэгэнт л хөл хорио тогтоогоод энэ муухай өвчнийг ялах гээд нойр хоолгүй зүтгэж байхад тэгж болохгүй. Би бодож л сууна. Би зээ хүүтэйгээ хоёулхнаа амьдардаг юм.
Тэтгэврээ ойрын хэдэн cap авч чадсангүй. Тэрийгээ яаж очиж авах вэ гээд Онцгой комиссынхноос асууя гэж бодоод байна. Би банкныхантай ярьсан. Тэгтэл “Та хориогоо дуусгаад өөрийн биеэр ирж авч болно” гэсэн. Гэтэл тэр хүртэл хүний л амьдрал юм чинь мөнгө хэрэг болох юм. Би тэтгэврээ аваад байр савны мөнгө, тог цахилгааны мөнгөө төлмөөр байна, гэртээ очлоо гэхэд хоосон гэрт очилтой биш. Хүнсээ авмаар байна.
Гэтэл хүүхдүүд минь “Ээж ээ, мөнгө төгрөгт битгий санаа зов. Зүгээр л хориогоо дуусгачих” гэж байна билээ л дээ. Гэхдээ би хувь хүн байна даа, мөнгө төгрөгтөө хүрмээр л байна.
-Бид энгийн ханиад хүрч, хатгаа авдаг. Тэрний дэргэд коронавирусээр өвдөхөөр илүү хүчтэй юм байна уу, яадаг юм байна?
-Би нэг их хүндрээгүй юм биш үү гэж өөрийгөө ойлгоод байгаа шүү дээ. Халуураагүй. Намайг эмчилсэн тэр эмч хэлж байна лээ. "Та цоо эрүүл ирээгүй. Харин архаг өвчингүй хүн байна аа" гэсэн. Жар хүрчихсэн хүнд бага сага өвчин байлгүй л яах вэ. Дагалдах өвчнүүдийг илааршуулж, олон төрлийн шинжилгээ хийж өгсөнд тань баярлалаа гэж хэлсэн.
Бүгд хөл хорионд орчихоод байхад маск зүүхгүй зөрөөд явж болохгүй. Тэгж явах нь өөрсдөд нь л буруу даа. Би чинь хөдөлгөөнтэй хүн. Сувиллаасаа гараад банк руу очоод тэтгэврээ авчихна аа гэж бодож байсан чинь гарч болохгүй юм билээ.
Гарч болохгүй гэж байхад зөрөөд гараад явчихаж ёстой болохгүй. Төр засгийнхаа, Онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг сахиж л байхгүй бол өвчин тусахгүй гэх юм байхгүй шүү дээ. Тийм биз дээ. Аюултай шүү. Тиймээс өөр өөрсдийгөө, хувь хувиа бодоод гадуур дураараа яваад байж болохгүй ээ. Эрүүл мэндийн салбарынхандаа баярлалгүй яах вэ. Олон хүнийг эдгээгээд гаргаж байна. Гадаад орноос ирсэн хүмүүсийг ч эдгээгээд гаргаж байна.
Манай Монгол Улсын эмч нарын чадвар л гарч байна. Намайг эмчилсэн Ц.Чинбаяр гэдэг эмч чинь миний охинтой л насаар ойролцоо жаахан биетэй охин байна билээ. Төр засаг, алтан гарт эмч нартаа, эх орондоо баярлалаа. Амьдрал хайрласан эх орондоо, эрүүл мэндийг минь манасан эмч нартаа баярлалаа гэж хэлье.
Д.Гансаруул
Эх сурвалж: Өдрийн сонин