COVID-19-ийн тархалтад ЦАГ АГААР нөлөөлөх үү
ХӨСҮТ-ийн тархвар судлаач, эмч Б.Нямдулам коронавирустэй холбоотой сүүлийн үед хийгдсэн тандалт, судалгааны үр дүнг тоймлон хүргэж байна.
Тэрээр "Иргэдийн дунд цаг агаар дулаарахаар вирусийн халдвар буурна гэх хандлага ажиглагдаж байна. АНУ-ын Харвардын их сургуулийн судлаачид 2003 онд гарсан SARS-ын тархалтад цаг агаар нөлөөлөөгүй болохыг тогтоожээ. Харин хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнд халдварыг зогсоосон гэж дүгнэжээ. Тиймээс цаг агаар коронавирусийн өвчлөлд нөлөө үзүүлэхгүй тул тайвшрах болоогүйг иргэдэд анхааруулъя. Маскаа зүүж, гараа сайтар угаах зэргээр урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Томуу, томуу төст өвчин улирлаас хамаарах нь бий. Тодруулбал цаг агаар дулаарахад багасаж, хүйтрэхэд ихсэх төлөвтэй байдаг" гэлээ.
COVID-19 халдвар: 14 хоног тусгаарлах нь хангалтгүй
БНХАУ-д коронавирусээр өвчилсөн 7 настай охины сорьцод вирус 20 орчим хоног эерэг байсан нь тусгаарлалтын хугацаа 14 хоногоос илүү хугацаагаар сунгах шаардлагатайг харуулж байна.
Тэрээр бараг шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн бөгөөд аав нь түүнтэй уулзсанаас 5 хоногийн дараа халдвар авсан нь батлагдсан байна.
Эрүүл мэндийн ажилтны өвчлөлийн тухай:
- БНХАУ-ын судлаачид коронавирусийн халдвар нүдний эмч нарт халгаатай гэж дүгнэжээ.
- Шинж тэмдэггүй өвчтөнөөс үзлэгийн үеэр нүдний эмч халдвар авч нас барсан тохиолдол гарсан учраас энэ чиглэлийн болон хамар, хоолойн эмч мэргэжилтнүүдийг хувийн хамгаалах хэрэгслийг стандартын дагуу ашиглахыг зөвлөжээ.
COVID-19 халдвар нь шинэ өвчлөл учраас дэлхийн олон оронд судалгаа шинжилгээ хийгдсээр байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам