“ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын тохиолдол бараг 1,000-аар нэмэгдсэн“
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнууд COVID-19 халдварын эсрэг ямар арга хэмжээ авч буй талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Испани улсад сүүлийн дөрвөн өдрийн турш халдварын тоо болон нас баралт буурлаа. Харин Италид өнгөрсөн хоногт нас баралт 636 болж, өмнөх өдрөөс 10 гаруй тохиолдлоор нэмэгдсэн. Гэхдээ халдварын тоо буурч байна.
Германд шинээр халдвар авсан тохиолдол сүүлийн дөрвөн өдөр дараалан мөн буурч байна. Нас баралтын түвшин 1.5 хувьтай байна.
Японы Ерөнхий сайд долоон мужид нэг сарын туршид онц байдал зарлахаар болсноо мэдэгдсэн. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хааж, дэлгүүр, соёл урлагийн арга хэжээг хязгаарлахаар болж байгаа.
Франц улсад халдвар болон нас барагсдын тоо өмнөх өдрөөс 10 хувиар нэмэгдэж, нийт нас баралт 8,000 давлаа.
ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын тохиолдол бараг 1,000-аар нэмэгдсэн.
ХБНГУ-ын хувьд шинэ халдвар сүүлийн дөрвөн өдөр дараалан буурч байна. Тус улсад нийт өвчлөгсдийн 70 гаруй хувийг 15-50 насныхан эзэлж байна.
Польш улсад халдварын оргил үе дөрөв, тавдугаар сард тохионо гэж тооцоолсон байна" гэв.