“Сүүлийн үед шинж тэмдэггүйгээр халдвар түгээх тохиолдол элбэг байгаа тул АМНЫ ХААЛТ зүүх нь маш чухал“
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Дэлхийн хэмжээнд COVID-19 халдварын тохиолдол нэг сая гаруйд хүрч, нас барсан хүний тоо 50 мянгыг даваад байгаа бол 208 мянган хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Испани улсад нас баралтын 10 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.
Тус улсад гуравдугаар сарын 25-ны өдөр шинэ халдварын тохиолдол 20 хувиар нэмэгдэж, дэгдэлт оргил үедээ хүрсэн юм.
Харин АНУ-ын Холбооны Засгийн газар шинэ коронавирусийн халдвартай тэмцэх асуудлаар иргэддээ амны хаалт зүүлгэх шинэ зөвлөмж гаргахаар ажиллаж байна.
Япон улс ч мөн иргэдэд заавал амны хаалт зүүлгэх шаардлагатай гэсэн зөвлөмж өгч байна.
ОХУ-д тавдугаар сарын 1-н хүртэл COVID-19-ийн эсрэг одоо мөрдөж буй арга хэмжээгээ сунгажээ. Тус улсын Москва хотын иргэд хүнс болон эм авах эсвэл тэжээвэр амьтнаа салхилуулах, хогоо хаях зэргээс бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байх дэглэмд амьдарч байгаа юм.
Улс орнуудын жишээнээс харахад, сүүлийн үед шинж тэмдэггүйгээр халдвар түгээх тохиолдол элбэг байгаа тул амны хаалт зүүх нь маш чухал.
Халдвар авсан хүн бусадтай ярих, найтаах, ханиахад үед ялгарах шүлсний бичил дусал нь агаарын солилцоогүй орчинд уддаг. Энэ нь бусдад халдварыг түгээх зам болж байгаа хэмээн улс орнууд үзэж байгаа" гэдгийг онцлов.