Я.Буянжаргал: Тусгаарлах байруудад жирэмсэн 43 эх, тав хүртэлх насны 56 хүүхэд байгаа
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2,368 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Үүн дотор жирэмсэн 43 эх, тав хүртэлх насны 56 хүүхэд байгаа.
Мөн даралт ихсэх эмгэгтэй, чихрийн шижинтэй, гэмтэлтэй иргэд цөөнгүй байгаа бөгөөд шаардлагатай эмнэлгийн тусламжийг үзүүлээд явж байна.
Тусгаарлах байруудад нийтдээ 337 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа.
Сүүлийн 24 цагийн хугацаанд галт тэргээр зорчиж байсан 3,000 гаруй иргэнд хяналт, тандалт хийсэн.
Утсаар зөвлөгөө өгч байгаа нөхцөлд тоглож залгах, залгаад авахаар таслах тохиолдлууд гарч байна. Гадаад улсаас холбогдож байгаа иргэд эмнэлгийн тусламж авахад хүндрэлтэй байгаагаа хэлээд эрүүл мэндийн зөвлөгөөнүүд авч байна" гэв.