Титэм вирусийн тэлэлт ба хэнэггүй МОНГОЛ ЗАН
Дэлхий нийтэд хурдацтай тархаж, олон хүнийг эрүүл мэнд, амь насаар нь хохироож буй титэм буюу коронавирус цар хүрээгээ улам тэлсээр байна. Тодруулбал, энэ сарын 29-ний 11.00 цагийн байдлаар дэлхийн 201 улсад халдварын 575444 тохиолдол бүртгэгдэж, 26654 хүн нас баржээ. Үүнээс хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 25-нд дэлхийн 196 улсад халдварын 375498 тохиолдол бүртгэгдэж, 16362 хүн нас барсан. Үүнээс харахад халдвар тархсан улс орны тоо хоёрхон хоногийн дотор таваар, халдвар тусаж, амь насаа алдсан иргэдийн тоо хэдэн мянгаар нэмэгджээ. Итали, АНУ, Испани, Герман, Франц, Иран зэрэг улс оронд өдөрт 1000- 10000 шинэ тохиолдол нэмэгдэж, тархалт хурдацтай нэмэгдэж байна. Тодруулбал, АНУ-д 14 минутад нэг хүн шинээр халдвар авч, 20 минут тутамд нэг хүн нас барж байгаа аж. Эрдэмтдийн хэлж буйгаар коронавирусийн шинж тэмдэг, ойлголт өдрөөс өдөрт өөрчлөгдөж, Азид 65-аас дээш насныхан халдварлаж байсан бол Европ тивд залуужиж 18- 45 насны хүмүүст зонхилон тусаж байна. Тиймээс улс орнууд авч буй арга хэмжээ, хөл хориогоо чангаруулж эхэлжээ. Манай улс ч мөн адил.
Тодруулбал, УОК-оос шийдвэр гаргаж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг ирэх сарын 30-ныг хүртэл хойшлуулахын зэрэгцээ зохих шийдвэрүүдийг гаргасаар байгаа билээ.
ДАРХАН-УУЛ АЙМАГ КОРОНАВИРУСИЙН ОНОШИЛГООГ ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ
Өнгөрсөн хугацаанд манай улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч зөөвөрлөгдөж орж ирсэн 12 тохиолдол бий. Гэхдээ эдгээр нь тусгаарлалтад байсан хүмүүсээс илэрсэн учраас тэр даруйдаа эмч нарын хяналтад орж, эмчлүүлэн одоогоор биеийн байдал нь сайжраад байна. Өчигдрийн байдлаар 2843 хүн тусгаарлах байранд буюу ажиглалтад байна. Коронавирус дэлхий нийтийг хамарч, хүмүүсийн амь насанд заналхийлсэн аюулт халдварт өвчин учраас тодорхой шинж тэмдэг илрэнгүүт цаг алдалгүй эмнэлэгт хандаж, тусгаарлуулан оношлуулж, эмчилгээ хийлгэх шаардлагатай. Энэ жишгээр холбогдох албаныхан ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 27-нд ХӨСҮТ, Дархан, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 32 хүнээс коронавирус илрээгүйн зэрэгцээ өнгөрсөн шөнө улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Түүнчлэн Дархан- Уул аймаг коронавирусийн шинжилгээ, оношлогоог ХӨСҮТ-ийн хэмжээнд хийх бүрэн боломжтой болсон тухай таатай мэдээг холбогдох албаныхан дуулгалаа.
ӨӨРИЙН БОЛОН БУСДЫН ЭРҮҮЛ ЭНХИЙН ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГАА ӨНДӨРЖҮҮЛЬЕ
Монгол Улсын нөхцөл байдлыг бусад улс оронтой харьцуулахад харьцангуй тайван түвшинд байгаа гэж хэлж болох ч тухайн вирус амьсгалын замаар халдварладаг тул хэн ч, хэзээ ч тусч, улмаар олон хүнд тархаах эрсдэл өндөртэй тул хувь хүн бүр хариуцлагатай байх нь чухал. Түүнчлэн төр засгаас гаргаж буй шийдвэр болон холбогдох салбараас өгч буй зөвлөгөө, зөвлөмжийг амьдрал ахуйдаа хэрэгжүүлэх хэрэгтэй юм.
Энэ талаар Улсын болон Нийслэлийн онцгой комисс, ЭМЯ зэрэг холбогдох байгууллагаас өдөр бүр сануулж, анхааруулсаар байгаа. Гэтэл сүүлийн үед гадуур хүмүүсийн хөл хөдөлгөөн өмнөхөөсөө илт нэмэгдэх, хий дэмий сэлгүүцэх хандлага ажиглагдах болов. Тэр ч бүү хэл бага насны хүүхдүүд олуулаа нийтийн тээврээр зорчиж, олон нийтийн гудамж талбайд тоглоод явж байх жишээтэй. Амны хаалтгүй хүмүүс нийтийн тээврээр зорчих, худалдаа үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх тохиолдол ч цөөнгүй харагдах болов. Тэр ч байтугай хорио цээрийн дэглэмийг зөрчиж, бүжгийн клуб ажиллуулсан тохиолдол ч саяхан гарсан. Тодруулбал, Баянгол дүүргийн шуурхай штабын бие бүрэлдэхүүн мэдээллийн дагуу энэ сарын 27-ны 19.30 цагт Баянгол дүүргийн III хороонд байрлах бүжгийн клубийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 200 гаруй ахмад настан хамруулан нийтийн бүжиг зохион байгуулж байсныг илрүүлэн үйл ажиллагааг нь зогсоосон байна. Мөн тухайн өдөр Чингэлтэй дүүргийн I хороонд долоон хүн мөрийтэй тоглоом тоглосон хэргийг холбогдох албаныхан илрүүлжээ. Тухайн хүмүүсийн бүрдүүлсэн орчин нөхцөлөөс нь харахад энэ нь нэг удаагийн үйлдэл биш аж.
Хэдий урин дулаан цаг айлчлан ирж, гарч, орох хүсэл нэмэгдэж болох ч халдварт цар тахал буураагүй харин ч эрчимтэй нэмэгдэж, хоёр дахь давалгаа нь эхэлж буйг бид үл тоож болохгүй. Тиймээс хариуцлагаа өмнөхөөсөө ч илүү улам өндөржүүлж, аль болох олон нийтийн газраар зорчихгүй байхыг энд онцолъё.
Зайлшгүй шаардлагаар гэрээсээ гарсан тохиолдолд заавал амны хаалтаа зүүх, гараа угааж ариутгах, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, дархлаагаа дэмжих зэрэг эрүүл мэндийн байгууллагаас өдөр бүр өгч буй энгийн юм шиг хэрнээ урьдчилан сэргийлэхэд ихээхэн үр нөлөөтэй зөвлөгөө зөвлөмжийг үргэлж дагаж байхыг дахин сануулъя. Энэ нь өөрийн болон бусдын эрүүл энхийн төлөөх зөв үйлдэл юм.
КОРОНАВИРУСИЙН ХОЁР ДАХЬ ДАВАЛГАА ЭХЭЛЖ БУЙГ ДЭМБ-ААС АНХААРУУЛЛАА
БНХАУ болон БНСУ-д коронвирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирж, хоёр дахь давалгаа эхэлснийг ДЭМБ-аас анхааруулж буй. ДЭМБ болон зарим судлаачийн үзэж буйгаар коронавирусийн хоёр дахь давалгаа Азийн орнуудад зонхилж магадгүйг анхааруулж байна. Манай улс коронавирусийн нэг дэх давалгаанд өртөөгүй ч хоёр дахь давалгаанаас урьдчилан сэргийлж бэлэн байдпаа хангах хэрэгтэйг ДЭМБ-аас зөвлөжээ. Иймд ЭМЯ-наас иргэд хяналтаа бага зэрэг сулруулж буй нь ажиглагдаж байгаа тул урьдчилсан сэргийлэлтээ нэмэгдүүлж, бага насны хүүхдээ гадуур, олон нийтийн газар дагуулж явахгүй байхыг анхаарууллаа. БНХАУ-ын Хубэй муж хөл хориогоо цуцалж эхэлсэн. Тухайлбал, Ухань хотын хөл хориог дөрөвдүгээр сарын 8-наас цуцлахаа мэдэгдсэн. БНХАУ-д өдөрт 20 мянга орчим зорчигч олон улсын нислэгээр очиж, хилээр нэвтэрдэг байна. Иймд тус улс коронавирусийн халдвар импортлогдон орж ирэхээс сэргийлсэн арга хэмжээг авч эхлэн тусгаарлах байрныхаа тоог нэмэх талаар бэлтгэлээ базааж байгаа аж. Шинж тэмдэггүй нэг өвчтөн 30-100 хүнд халдвар тархаах магадлалтай. Манай улс нэгдүгээр сараас хойш нийт 3413 иргэнийг тусгаарлан ажиглалтад авчээ. Тусгаарлах байранд орсон иргэдтэй хамт 300 эмч, эмнэлгийн ажилтан тусгаарлагдсан. Монгол Улсын Засгийн газар, УОК, ЭМЯ зэрэг холбогдох байгууллагууд цаг алдалгүй оновчтой шийдвэр гаргаж, бүх нийтээрээ нэгдсэн зохион байгуулалтад орж чадсан учраас коронавирусийн эхний давалгааг бусад улс оронтой харьцуулахад нэлээд хяналт сайтай, амжилттай давсан. Тэгвэл хоёр дахь давалгааг эрсдэл багатай өнгөрүүлэх судалгаа, бэлтгэл ажлыг холбогдох албаныхан хангаж эхэлжээ. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Эмнэлгийн орны тоог хүн амын тохиолдлын тоотой харьцуулж нийт 5000 ор бэлтгэхээр төлөвлөсөн. Үүний 5-10 хувь нь эрчимт эмчилгээнийх гэж тооцсон. Гэрийн ажиглалтад гарч буй иргэдэд хатуу сануулга, зөвлөмж өгч, цагдаа, тагнуул болон бусад хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Шинж тэмдэггүй нэг өвчтөн 30-100 хүнд халдвар тархаах магадпалтай” хэмээн анхаарууллаа. Иймд манай улс энэхүү титэм вирусийн тэлэлтэд өртөхгүйгээр эрсдэл багатай даван туулахад иргэдийн өөрсдийнх нь хяналт хариуцлага, урьдчилан сэргийлэлт юу юунаас чухал тул гадуур тэнэхгүйгээр аль болох гэртээ байхыг уриалж байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин