О.Ариунтуяа: Европын бүсэд нэг хоногт 20 мянга орчим тохиолдол шинээр бүртгэгдэж байна
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өгөх үеэр ДЭМБ-ын сүүлийн үеийн мэдээллийг ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа хийлээ.
Тэрбээр "COVID-19 халдварын 292,142 тохиолдол дэлхийн хэмжээнд бүртгэгдэж, нас баралт 12,784 бүртгэгдсэн байна. Африкийн бүсийн дөрвөн улсад шинээр халдвар бүртгэгдсэн бол дэгдэлт эрчимтэй байгаа Европын бүсэд нэг хоногийн дотор 20 мянга орчим тохиолдол шинээр нэмэгдэж, 1,000 хол давсан нас баралт бүртгэгджээ.
Ихэнх улс орнууд иргэддээ гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байна. Сургууль цэцэрлэгийг хаах, зорчигч тээврийг хязгаарлах, зогсоох зэрэг арга хэмжээ авахын зэрэгцээ шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа.
ДЭМБ-аас Европын бүсэд зориулан гэртээ тусгаарлагдах үедээ дасгал хөдөлгөөн хийж, идэвхтэй байх заавар гаргажээ.
ДЭМБ-аас батлагдсан хөнгөн, хүнд гээд бүх тохиолдол болон тэдгээрийн бүх хавьтлыг тусгаарлахыг зөвлөж байгаа. Тархалтын дараагийн дараагийн үе шатанд бэлдэхдээ аймаг, дүүргүүд харьяаллын хүн амдаа зориулж хэдэн тусгаарлах байр хаана гаргахыг урьдчилан тодорхойлох ажилыг хийж байна.
ДЭМБ-ын нэрийг ашигласан цахим гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа тул иргэд, байгууллагууд "ДЭМБ-аас" гэсэн и-мэйл ирсэн тохиолдолд нягтлан шалгаж, хувийн мэдээлэл, хөрөнгөө алдахгүй байхыг анхааруулж байна. " гэв.