Я.Буянжаргал: Өнөөдрийн байдлаар 1,330 хүн тусгаарлан ажиглалтад байна
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал оролцож мэдээлэл өглөө.
Тэрбээр "Тусгаарлан ажиглах ажиглалтад улсын хэмжээнд нийтдээ 2,239 хүнийг хамруулсан байгаа. Өнөөдрийн байдлаар 1,330 хүн тусгаарлан ажиглалтад байна.
Нийт 293 сэжигтэй тохиолдлыг шинжилгээнд хамруулснаас дөрвөн тохиолдлын онош батлагдсан.
Өчигдөр Токио-Улаанбаатарын нислэгээр 256 зорчигч ирсэн. Сэжигтэй болон эрсдэлтэй хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай байгаа 63 хүнийг Цэргийн төв эмнэлэг дээр аваад, бусад хүнийг Жаргалан, Наранбулаг, Парк гэсэн зочид буудал, сувиллуудад хуваарилаад байна.
Берлин-Москва-Улаанбаатарын нислэгээр 231 хүн ирснээс диализын аппаратанд орох шаардлагатай нэг иргэнийг Цэргийн төв эмнэлэгт аваад бусад хүнийг Амар зочид буудалд байрлуулсан.
Хилийн боомтуудаар олон улс дамжиж зорчсон иргэд ирсээр байгаа. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтуудаар Австрали, Тайланд, Филиппин, Хонг Конг, БНСУ, БНАСАУ, ОХУ, Канад, Франц, Унгар, Испани, Индонез, Турк, Үзбекистан зэрэг улсуудаар дамжсан иргэд орж ирж байгааг тусгаарлаж байгаа.
Бүх тусгаарлах байран дээр лавлагаа төвүүдийн нэг нэг эмчээр ахлуулаад резидент эмч нараа ажиллуулж байна. Шадар сайдын баталсан Тусгаарлах журам бүх байруудад хэрэгжээд явж байгаа.
Мөн БНХАУ-аас халдварын эмчилгээнд ашигласан уламжлалт анагаах ухааны эмийн жорыг авсан" гэдгийг хэллээ.