ЭМЯ: Өнөөдрийн байдлаар нийт 1328 хүн ажиглалтад байна
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Нэгдүгээр сарын 9-өөс хойш өнөөдрийн байдлаар ажиглалтад 1328 хүн иргэн байна. Өнөөдрийн байдлаар 609 хүн ажиглалтын байранд байгаа.
Өнөөдөр цэргийн төв эмнэлэг, “Асралт Мед” эмнэлэг болон бусад эмнэлэгт 14 хоног ажиглалтад байх үед ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй иргэдийг гэрт нь гаргаж байгаа.
Дархан-Уул аймагт өнгөрсөн шөнө Бээжин-Австрали, Тайланд улсаар дамжсан гэр бүлийн хоёр хүн, Тайланд, Тайван улсаас ирсэн нэг хүн буюу нийт гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.
Сэлэнгэ аймагт мөн Австрали улсын чиглэлээс дамжиж ирсэн дөрөв, Тайланд улсаас ирсэн зургаа буюу нийт арван сэжигтэй тохиолдол шинээр нэмэгдсэн.
Өмнөговь, Дорноговь аймагт тусгаарлагдан ажиглалтад байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа.
Баян-Өлгий аймгийн Цагааннуур дахь хилийн боомтоор энэ сарын 13-14-нд шилжих шөнө орж ирсэн иргэдээс тусгаарлах байранд нийт 59 хүн байна. Нэг иргэн халуурч хоолой нь өвдсөн гэсэн зовиртой байсан ч Цагааннуур сумаас аймгийн төв рүү явах замдаа машин нь эвдэрч их даарсан гэсэн өгүүлэмжтэй иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарласан бусад иргэд сургуулийн дотуур байр болон МСҮТ-ийн байруудад байгаа.
Өнөөдөр Сөүлээс ирэх 250 иргэдийг хүлээж авах бүх бэлтгэлийг хангасан. Зайлшгүй шаардлагатай тохиолдлыг ХӨСҮТ-д очиж авна” гэв.