“Германы агаарын тээврийн томоохон компани 23,000 нислэгээ цуцалж байгаагаа мэдэгдлээ“
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар (COVID-19)-тай холбоотой ээлжит мэдээллээ хийж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжма “Дэлхийн улс орнуудад халдварын нөхцөл байдалтай холбогдуулан шинээр хязгаарлалт авах, өмнөх хязгаарлалтынхаа хүрээг тэлэх шийдвэрүүд гаргасаар байна.
АНУ гэхэд 24 муж улсдаа онц байдал зарлаж, Европоос ирэх бүх нислэгийг нэг сарын хугацаатай цуцаллаа. Уг хязгаарлалт Их Британи улсаас ирэх зорчигч тээврийн хөдөлгөөн болон ачаа тээвэрт хамаарахгүй юм байна.
Европ тивд халдвар өргөн хүрээтэй тархаж байгаатай холбогдуулан Германы агаарын тээврийн томоохон компани энэ сарын 29-нөөс эхлэн дөрөвдүгээр сарын 24-нийг дуустал нийт 23,000 нислэгээ цуцалж байгаагаа мэдэгдлээ.
БНХАУ-д халдварын тохиолдлыг тууштай бууруулж байгаа хэдий ч гадаад улсаас халдвартай хүн ирэх тохиолдол гарч байгаа тул Бээжинд ирж байгаа иргэдийг гэрт нь эсвэл тусгайлан бэлдсэн зочид буудалд 14 хоног тусгаарлах шийдвэр гаргасан байна." гэв.