А.Амбасэлмаа: Франц иргэнийг хаагуур явсныг дахин нарийн тодорхой болгоно
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Халдвар авсан хүнтэй нэг, хоёрдугаар хавьтал болсон хүмүүсийг тусгаарлана гэдэг нь халдвар судлалын мэргэжлийн үйл ажиллагаа. Тиймээс хоёрдугаар хавьтлын хүнийг ч тусгаарлаж болдог.
40 орчим хүний бүрэлдэхүүнтэй халдвар судалгаа хийх баг хоёр шөнө нойргүй хонож, нийт 338 хүнээс асуумж, судалгаа авч ажиллалаа. Энэ дотроос 171 хүнийг ойрын хавьтал гэж авч үзэж тусгаарласан.
Үүнээс Улаанбаатар хотод 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд Дорноговь аймагт халдвартай хүнтэй вагонд сууж явсан 28 хүнийг аймгийн төвд нь ажиглалтад тусгаарлагдсан.
Мөн камп дээр нь 64 хүнийг ойрын хавьтал гэж үзэж тусгаарласнаас гадна Орхон, Сэлэнгэ, Увс аймаг болон Налайх дүүрэгт хүмүүс тусгаарлагдсан байгаа. Тэдгээр хүний шинжилгээний дээжийг авсан, түрүүч нь ирсэн байгаа.
Одоогоор нийтдээ 171 хүний шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 23 хүний шинжилгээнд COVID-19 илрээгүй.
Өчигдөр шөнийн 23:00, 00:00 цагт ар араасаа ирсэн хүмүүсийн шинжилгээ удахгүй гарна.
Өнөөдөр гүнзгийрүүлсэн судалгаа хийгдэх бөгөөд тухайн халдвар Франц иргэнийг хаагуур явсныг дахин нарийн тодорхой болгож, хавьтлын хавьтлуудыг цааш судална." гэв.