Франц иргэнтэй хамт ирсэн Английн иргэнийг Увс аймагт ТУСГААРЛАЛАА
Энэ сарын 2-нд Москва-Улаанбаатар чиглэлийн нислэлээр манай улсад ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн халдвар урьдчилсан байдлаар илрээд байгаа билээ. Түүнтэй хамт ирсэн болон харилцсан хүмүүсийг тусгаарлан, шинжилгээ авч байгаа талаар ЭМЯ-наас мэдэгдсэн.
Харин франц иргэний нэгдүгээр хавьтагч болох Их Британийн иргэнийг Увс аймагт тусгаарлаад байгаа тухай мэдээллийг тус аймгийн ЗДТГ-ын нэгэн албан хаагч фэйсбүүк хуудастаа бичжээ. Түүний бичсэнээр Их Британийн иргэн нь коронавирусийн халдвартай гэж оношлогдоод буй хүнтэй онгоцонд зэрэгцэн сууж ирсэн бөгөөд гуравдугаар сарын 5-нд Увс аймагт очсон байна. Түүнийг Хотгорын уурхайн орчимд тусгаарласан гэжээ.
Тус иргэн Увс аймгийн “Ундармал улаан сарнай” ресторанд хоол идэж, "Хишигт" 1, 2 супермаркетуудаар үйлчлүүлсэн байна. Яг одоо Увс аймгийн онцгой комисс хуралдаж байгаа бөгөөд тус иргэнийг байгаа газар нь үргэлжлүүлэн тусгаарлаж, шинжилгээ авахаар ажиллаж байна.