Я.Буянжаргал: Одоогоор 514 хүн ажиглалтад байна
Эрүүл мэндийн яам коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 59 зорчигч ирсэн. ХӨСҮТ-д сэжигтэй нэг тохиолдол, ажиглалтын таван тохиолдлыг тусгаарласан.
"Асралт мэд" эмнэлэг дээр 26 тохиолдлыг тусгаарлаад байна.
Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 175 зорчигч ирсэн. Тандалт судалгааны ажил, асуумжийн ажил үргэлжилж байгаа.
Дархан-Уул аймагт Сэлэнгийн Сүхбаатар боомтоор орж ирсэн галт тэрэгнээс 25 хүнийг бид тусгаарлаж байгаа ба таван тохиолдлыг сэжигтэй гэдгээр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт, 20 тохиолдлыг нь "Оюут" эмнэлэг дээр тусгаарлаж байна.
Нийтдээ Дархан-Уул аймагт 62 тохиолдлыг бид тусгаарлан ажиглалтад аваад буй.
Нэгдүгээр сарын 9-нөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 934 тохиолдлыг ажиглалтад авсан. Одоогоор 514 хүн ажиглалтад байна.
Сэжигтэй 264 тохиолдлыг авч оношлуурын шинжилгээ хийж, оношийг үгүйсгэсэн ба нэг тохиолдлын онош батлагдсан.
Өнөө өглөө бид 06.00 цагийн үед ХӨСҮТ-өөс мэргэжлийн эмч нарын багийг Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү зөвлөгөө өгч, тандалт судалгаа хийлгэхээр илгээсэн.
Сая авсан мэдээллээр онош батлагдсан иргэний халуун 36.7 буюу хэвийн, бие нь зовуурьгүй байна гэсэн. Тиймээс өвчтөнд вирусийн эсрэг эмчилгээ хийгээд явж байгаа" гэлээ.