Я.Буянжаргал: Япон улсад зорчсон хоёр монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн хурлын үеэр тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өчигдөр Улсын Онцгой комисс хуралдаж, тодорхой шийдвэрийг гаргалаа.
Тухайлбал, иргэн өөрийгөө хэрхэн тусгаарлах талаар өмнө нь зөвлөмж гаргадаг байсан бол одооноос журам болгон гаргаж, Шадар сайдаар батлуулан хэрэгжүүлэхээр болоод байна. Ингэснээр иргэний хариуцлагыг тодотгож, журмыг зөрчвөл хуулийн ямар хариуцлага хүлээхийг оруулж өгнө.
Өнөөдрийг хүртэл нийт 916 иргэнийг ажиглалтад авч хянасан бөгөөд одоогоор 500 иргэн ажиглалтад байна. ХӨСҮТ-д хяналтад орж, шинжилгээнд хамрагдсан 262 иргэн байна.
Өнөөдөр Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 22 зорчигчоос сэжигтэй болон ажиглалтад авсан тохиолдол байхгүй.
Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 82 иргэн ирснээс Япон улсад зорчсон хоёр монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан.
Мөн Москва-Улаанбаатарын онгоцоор 96 зорчигч ирсэн. Үүнээс сэжигтэй тохиолдол зургаан хүнийг ХӨСҮТ-д, голомтоос ирсэн 6 хүнийг ажиглалтад авсан" гэв.