Д.Нямхүү: “Remax” компанийн 16 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явц, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020.03.07-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван тохиолдлоос халдвар илрээгүй. Мөн Олон хуралд оролцсон “Reмаx” компанийн 16 хүний эхний шинжилгээнээс халдвар илрээгүй. Эдгээр хүмүүсийг үргэлжлүүлэн ажиглаж байгаа.
Гуравдугаар сарын 8-нд хоёр сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Нэг нь ХӨСҮТ-д, нэг нь Дархан-Уул аймагт тусгаарлагдлаа.
БНХАУ маш хатуу арга хэмжээ авч байна. Иргэд нь ч үүнийг маш сайн сахиж байна. Иймд тус улсын халдварын тоо эрс буурч байна. Манай улсын иргэд журмыг сайн дагах нь чухал байна. Тусгаарлагдах иргэд өөрсдөө зардлаа гаргана.
Онгоцоор аль ч чиглэлд нисэх нь халдвар авах өндөр эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа. Учир нь агаарын солилцоо байхгүй, нэгэнтэйгээ ойр суудаг" гэв.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Тусгаарлах байранд 511 хүн хянагдаж байна. Нийт 914 хүнийг тусгаарласан. Өнөө өглөө Нурсултан УБ-ын онгоцоор 22 иргэн ирсэн, тусгаарлагдсан хүн байхгүй. Берлин-Москва-УБ-ын онгоцоор 82 иргэн ирснээс Японоос ирсэн нэг иргэнийг тусгаарлалаа." гэв.