О.Ариунтуяа: 3 сарын 8-ны байдлаар COVID-19 халдвар дэлхийн 105 улсад бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явц, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Халдварын тархалт өнгөрсөн 24 цагт 1000 гаруйгаар нэмэгдсэн хоёр улс байгаа нь Иран, Итали. Итали улсад нийт 366 хүн нас барсан, хэд хэдэн хотод 16 сая хүнийг хамарсан хөл хорио тогтоолоо. Солонгост халдварын тохиолдол буурч байна. 360 тохиолдол шинээр бүртгэгдэж, 19 мянган хүн шинжилгээнийхээ хариуг хүлээж байна.
Гуравдугаар сарын 8-ны өдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 105 улсад бүртгэгдэж, тохиолдлын тоо 105,586 боллоо.
Сүүлийн 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 98 хүн нас барсан.
ДЭМБ-аас коронавирусийн халдварын тархалтаар нь үе шатад хувааж үзэж байна.
Үүнд:
- Тохиолдол бүртгэгдээгүй
- Нэг буюу түүнээс дээш импортлогдсон
- Дэгдэлт голомтлон тархаж байгаа
- Өргөн цар хүрээний тархалттай гэсэн 4 үе шатад хувааж, үе шат бүхэнд тохирсон зөвлөмжийг улс орнуудад өгч буйг Монгол Улс мөрдөж байна. " гэв.