“COVID-19 халдварын шинэ тохиолдлуудын 60 хувь нь халдвар гарсан улс оронд аялснаас үүдсэн байна“
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явц, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр та бүхэнд мэдээлэл хийснээс хойш 24 цагийн хугацаанд зургаан оронд анхны халдвар бүртгэгдэж, нийт 105 улсад халдвар бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 60 хувь нь халдвар гарсан улс оронд зорчсон аялснаас үүдсэн байна.
Халдварын 17 тохиолдол бүртгэгдээд байсан Вьетнам улсад Лондонд аялаад ирсэн 30 хүн нэг дор онгоцонд халдвар авсан нь тогтоогдлоо. Тиймээс халдвар гарсан улс оронд аялахгүй байх. Онгоцоор зорчихгүй байхыг зөвлөж байна" гэв.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Халдварын тархалт өнгөрсөн 24 цагт 1000 гаруйгаар нэмэгдсэн хоёр улс байгаа нь Иран, Итали.
Итали улсад нийт 366 хүн нас барсан, хэд хэдэн хотод 16 сая хүнийг хамарсан хөл хорио тогтоолоо. Солонгост халдварын тохиолдол буурч байна. 360 тохиолдол шинээр бүртгэгдэж, 19 мянган хүн шинжилгээнийхээ хариуг хүлээж байна.
ДЭМБ-аас коронавирусийн халдварын тархалтаар нь үе шатад хувааж үзэж байна.
Үүнд:
- Тохиолдол бүртгэгдээгүй
- Нэг буюу түүнээс дээш импортлогдсон
- Дэгдэлт голомтлон тархаж байгаа
- Өргөн цар хүрээний тархалттай гэсэн 4 үе шатад хувааж, үе шат бүхэнд тохирсон зөвлөмжийг улс орнуудад өгч буйг Монгол Улс мөрдөж байна. " гэв.
ШУУД ҮЗЭХ: