Дарханд тусгаарлагдаад байгаа иргэн Л.Наранбаатар: Тусгаарлагдсан иргэд хаа хаанаа айдастай байна
Дэлхийн 80 орчим оронд тохиолдол нь бүртгэгдээд буй “Ковид 19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлж манай улс БНХАУ, БНСУ, Япон зэрэг улс руу зорчих хөдөлгөөнийг хаагаад байгаа. Коронавирусийн халдвар дэгдээд буй БНСУ-д л гэхэд Монголын 50 мянга орчим иргэд амьдарч байна.
Тус улсад “Ковид 19” тохиолдол бүртгэгдмэгц нутаг руугаа ирэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг боомтоор сүүлийн өдрүүдэд БНСУ-аас монгол иргэд дамжин орох хөдөлгөөн эрчимжээд байгаа.
“Ковид 19” халдварын тохиолдол Сэлэнгэ, Дархан, Алтанбулагийн бүс нутгаар орж ирэх эрсдэл өндөр байна.
Одоогийн байдлаар халдварын бүс нутгаас ОХУ-гаар дамжиж Алтанбулаг болон Сүхбаатарын боомтоор нэвтэрсэн 80 гаруй иргэнийг Алтанбулаг сум, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад тусгаарлажээ. Тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн байгаа юм байна.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 10 суманд байнгын хяналтын 22 цэг ажиллаж байгаа ажээ. Хяналтын цэгт Онцгой байдлын газраас 11, цагдаагийн газраас 37, Эрүүл мэндийн байгууллагаас зургаа, мэргэжлийн хяналтын газраас хоёр, сумдын Засаг даргын тамгын газраас гурав нийт 59 алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа аж.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ГААЛИЙН ГАЗРЫН ДАРГА М.ДАМДИНХОРОЛОО: БНСУ, ЯПОН, ИРАН ЗЭРЭГ УЛСААС ИРЭХ МОНГОЛ ИРГЭДИЙГ Л НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Бид Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын дарга М.Дамдинхоролоогоос Алтанбулагийн боомт дахь нөхцөл байдлын талаар тодруулга авлаа.
-Монголчууд “Ковид 19” вирусийн халдвар бүртгэгдсэн бүс нутгаас охУ-аар дамжиж Алтанбулагийн боомтоор нэвтэрч байна. Алтанбулаг боомтын нөхцөл байдал ямар байна вэ?
-Улсын Онцгой комиссын гуравдугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 11-ний өдөр хүртэл зогсоосон. Мөн БНСУ, Япон Улсаас ОХУ-аар дамжин нутагтаа ирэх иргэдийг зөвхөн Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг боомтоор л нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. БНСУ, Япон, Итали, Иран улсаас ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй. Харин монгол иргэдээ сайн хяналт дор оруулж байна.
-Алтанбулаг боомтын ачаалал ямар байна вэ?
-Энгийн үед Алтанбулаг боомтоор орох гарах талдаа 2000 гаруй иргэд нэвтэрдэг. Зам хаагдсантай холбоотойгоор нэвтрэх иргэдийн тоо буурсан. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 8.5 хувиар буурсан үзүүлэлттэй үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
Алтанбулаг дахь чөлөөт бүсийг Улсын онцгой комиссын шийдвэрээр түр хугацаанд үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа.
-“Ковид 19” халдварын бүс нутгаас охУ-аар дамжиж нэвтэрч байгаа монгол иргэдийг хэрхэн тусгаарлаж байна вэ?
-БНСУ, Японоос ирж буй иргэд Алтанбулаг, Сүхбаатар гэсэн боомтуудаар төмөр зам болон автозамаар орж ирж байгаа. Дээрх бүс нутгаас ирж буй монгол иргэдийг 14 хоног тусгаарлаж ажиглаж байна” гэв.
Монгол Улсын Засгийн газраас ОХУ-аар дамжин ирж буй монгол иргэдийг зохион байгуулалттайгаар эх оронд нь авч ирэх ажлыг зохион байгуулж байгаа ч иргэд мэдээллээ үнэн зөв өгөхгүй байх, цаг хугацаа алдуулах зэргээр төрийн албан хаагчдын ажилд хүндрэл учруулах явдал гарч байгаа аж.
ДАРХАНДТУСГААРЛАГДААД БАЙГАА ИРГЭН Л.НАРАНБААТАР: ТУСГААРЛАГДСАН ИРГЭД ХАА ХААНАА АЙДАСТАЙ БАЙНА
Бид Дархан-Уул аймгийн Нэгдүгээр эмнэлэгт гэр бүлийн хамт тусгаарлагдаад буй иргэн Л.Наранбаатартай ярилцлаа.
-Таны хувьд хаана амьдарч байсан бэ. Дарханд тусгаарлагдаад хэд хонож байна?
-Миний хувьд БНСУ-ын Сөүл хотод гэр бүлийн хамт амьдарч байсан. Хүний нутагт байхад айхавтар өвчин гарах ч хэцүү л байдаг юм байна. Ядахад нялх хүүхэдтэй байсныг ч хэлэх үү. Нутаг руугаа л тэмүүлж байгаа юм. Ингээд Улаанбаатар луу нисэх тийзээ захиалчихаад байтал Монголын талаас нислэгээ цуцалчихсан.
-Нислэг цуцлагдахад яаж хүлээж авав. Сөүлд нөхцөл байдал ямар байв?
-Нислэг цуцлагдаад 14 хоног гэрээсээ гараагүй ээ. Ингээд Оросоор дамжиж эх орондоо ирэхээр шийдэж тийзээ захиалсан. Сөүлд бол дэгдэлт гайгүй ч хүмүүс нь айдастай байна лээ. Тэгү хотод аюул нүүрлээд байгаа тухай мэдээллийг интернэтээс авч байсан.
-“Ковид 19” халдвар бүртгэгдсэн бүс нутгаас ирж буй иргэдийг охУ-ын талаас яаж хүлээж авсан бэ. Ямар нэгэн хүндрэл гарав уу?
-Оросууд огт тоохгүй байна лээ. Хэдэн эмч нар халуун үзээд л ямар ч чирэгдэлгүй орж ирсэн. Алтанбулагийн боомтоор нэвтрэхэд тодорхой хугацаанд хүлээсэн. Нэвтэрч байгаа тээврийн хэрэгслүүдийг нэг бүрчлэн үзлэгт хамруулж байсан нь хүлээлт үүсгэсэн юм шиг байна лээ.
-Алтанбулагийн боомтоор нэвтрээд ямар сэтгэгдэл төрөв?
-Монголын хилээр нэвтрээд л дотор цэлмэчихсэн шүү. Миний хувьд харийн нутагт бага зэргийн айдастай байснаа нуугаад яах вэ. Хилээр нэвтрээд л асуумж бөглөөд ариутгал хийлгээд элэг нэгтнүүдтэйгээ харьцаад ирэхээр тайвширчихсан. Ингээд л Алтанбулагаас автобусанд суугаад хамгаалалтад явсаар Дархан-Уул аймагт ирээд гэр бүлээрээ тусгаарлагдаад байна.
-Тусгаарлагдах байртай холбоотой янз бүрийн гомдол, мэдээлэл гадуур байна. дархан-Уул аймгийн тусгаарлах байрны нөхцөл байдал ямар байна вэ?
-Бидний хувьд 11-үүлээ ирсэн. Хуучин эмнэлгийн байрыг нь засварлаад, тоног төхөөрөмж суулгаад тусгаарлах өрөө болгочихсон юм билээ. Бидний хувьд эмнэлэгт хэвтэж байгаа юм шиг л байна.
Нэг өрөөнд дөрвөн хүнийг тусгаарлаж байгаа. Миний хувьд хоёр хүүхэд эхнэрийн хамт гэр бүлээрээ тусгаарлагдсан.
Эмч, сувилагч нар нь цаг тутам цэвэрлэгээ ариутгаж хийнэ, биеийн байдал тогтмол асууна. Өглөө цай уугаад, өдөр, оройн хоолтой. Нэг их хүндрэлтэй зүйл алга. Тав тухтай байна.
-Тусгаарлагдахаас цааргалсан иргэд байгаа юм шиг байна лээ. тусгаарлагдсан иргэд цааргалж байна уу?
-Ингэж өндөр ач холбогдол өгч халуун дулаанаар хүлээж авч байхад нь тусгаарлагдахаас цааргалсан, эмч сувилагч нарын шаардлагыг биелүүлэхгүй, зөрөх ухамсартай хүн энд алга.
-Тусгаарлагдаад буй иргэд хэр айдастай байна вэ?
-Манай гэр бүлийн тухайд жаахан хүүхдүүдтэйгээ яваа учраас айж сандраад байж болохгүй шүү дээ. Тайван л байхыг хичээж байгаа. Ер нь тусгаарлагдаад байгаа иргэд хаа хаанаа айдастай байгаа нь мэдрэгдэж л байна. Тохиолдол бүртгэгдсэн бүс нутгаас ирсэн учраас хэн нэгнээс илрэх вий гэсэн айдас байх шиг байна л даа.
-Сөүлээс монгол руу нисэх тийз захиалчихсан байсан гэсэн. мөнгөө буцааж авч чадсан уу?
-Чадаагүй байгаа. Миний хувьд гэр бүлийн суудлыг хямдралтай үнээр захиалсан байсан ч нислэг цуцлагдчихсан. Цуцлагдсаны дараахан нь хэд хоногоос тийзний мөнгийг буцаан олгоно гэж мэдэгдэж байсан ч чимээгүй болчихсон. Тодруулахад Монголын талаас, МИАТ-ийн талаас асуудлыг шийдэж чадахгүй байгаа талаар мэдэгдэж байсан. Манай гэр бүл сая нэг зуун мянган төгрөгөөр тийз захиалаад байсан. Мөнгөө авч чадаагүй байна. Оросоор дамжсан учраас чамгүй их зардал гаргаж ирсэн гэв.
Түүнчлэн БНСУ-д тийз нь цуцлагдаад үлдсэн олон мянган монголчууд байгаа. Тэд нартаа л санаа зовох юм” хэмээсэн юм.
Халдварын бүс нутгаас ирсэн иргэдийг Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад болон Алтанбулаг суманд л тусгаарлаж байгаа аж.
Эх сурвалж: Өдрийн сонин