Хауке Флориан: Иргэд халдвараас сэргийлэхийн тулд дараах ДӨРВӨНХӨН ЗҮЙЛИЙГ хийх шаардлагатай
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явц, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл ДЭМБ-ын зөвлөх баг гурван чиглэлээр хамтран ажиллаж байгааг хэвлэлийн хурлын эхэнд хэллээ.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица “Дэлхийн хэмжээнд коронавирусийн халдвар маш хурдацтай тархаж байгаа хэдий ч БНХАУ-д халдварын шинэ тохиолдол, нас баралтын тоо буурч байна.
Covid-19 халдвар 85 улсад бүртгэгдсэнээс БНСУ, Иран, Итали гэсэн гурван оронд халдвар хурдан тархах голомт болсон. Гэхдээ өвчлөлийг таслан зогсоож, хязгаарлах боломжтой.
Өвчлөлийн ерөнхий байдлыг харвал олон улсад тархаж байгаа ч хязгаарлах боломжтой байгааг ДЭМБ-ын Ерөнхий захирал тэмдэглэн хэлсэн. Тухайлбал, Өмнөд Солонгос улсын хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд нааштай хандлага харагдаж байгаа. Тус улсад гарч байгаа шинэ тохиолдлын тоо буурч байгаа бөгөөд шинэ голомт үүсээгүй.
Монгол Улсад COVID-19 халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч Засгийн газраас хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах бүх талын арга хэмжээг авч байна.
ДЭМБ-ын захирлын мэдээлснээр тархалтыг зогсоох нааштай хандлагай гарч буй Шинэ тохиолдлын тоо буурч, шинээр голомт нэмэгдэж үүсээгүй байна” гэв.
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Росенбэрг "Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах зорилгоор бид 10 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд хоёр улсын эрүүл мэндийн салбарын ажилтнууд, эмч нар туршлага судлах сургалтуудыг тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ хамтын ажиллагаа цаашдаа ч урт хугацаанд үргэлжилнэ. ХБНГУ-ын зүгээс тусламж дэмжлэгээ үзүүлсээр байх болно.
ЭМЯ, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрынхантай хамтран ажиллахад таатай байна." гэв.
ДЭМБ-ын зөвлөх багийн ахлагч Хауке Флориан "Монгол Улсад ирсэн цагаас эхлэн тасралтгүй хамтран ажиллаж биднийг дэмжиж байгаа ЭМЯ болон ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрынханд талархал илэрхийлье.
Шинэ коронавирусийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Сайн ажиллаж байгаа Засгийн газарт баяр хүргэе. Цаашдаа олон улсад хийгдэж байгаа судалгаануудын талаар мэдээлэл тогтмол авч байхыг би зөвлөж байна.
Эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаад халдвар гарсан тохиолдолд эмнэлгүүд хэрхэн ажиллах талаар маш сайн бэлтгэл хангасаныг ажиглалаа. Корононавирусийн халдварын 80 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа учраас үүнд зохицсон эмчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн. Өчигдөр бид орон даяар бүх шатны эмнэлэгт мэдээлэл хүргэх сургагч багш нарыг сургалтад хамрууллаа.
Одоо иргэдийн хувьд халдвараас сэргийлэхийн тулд юу хийх ёстойг товч танилцуулбал,
- Ханиад найтаахдаа тохойгоо нугалж, нүүрээ тохойндоо нааж ханиах
- Олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байх
- Ханиаж байгаа хүнээс 1.5 м зайтай байх
- Гарын ариун цэврийг сахих, дор хаяж 1 минутын турш савандаж, сайтар угаах нь чухал байна" гэв.
ШУУД ҮЗЭХ: