Гэр бүлийн 3 иргэн Итали улсаар зорчоод ирснээ нуусныг хууль хяналтын байгууллагатай хамтран илрүүлжээ
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдөр Нур-Султан-Улаанбаатарын онгоцоор 27 зорчигч ирснээс нэг хүнийг Багабаян амралтын газарт ажиглалтад аваад байна.
Туркиш эйрлайнсын нислэгээр 230 зорчигч ирсэн. Тэднээс Итали улсад зорчсон хоёр монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлахаар хүргүүлээд байна.
Өчигдөр Москва-Улаанбаатар чиглэлийн 07:15 цагийн нислэгээр нэг гэр бүлийн гурван хүн Итали улсаар дамжин зорчоод ирснээ мэдээлэлгүй ирснийг хууль, хяналтын байгууллагаар дамжуулан хайж олсон.
Хоёрдугаар сарын 12-нд Улаанбаатараас гарч Женев-Милан-Женев-Франц гэсэн маршрутаар зорчоод Москвагаар дамжиж ирсэн гурван иргэн тэр мэдээллээ нууж, ирсэн даруйдаа ажилдаа мөн очсон байна.
Тиймээс ажлын газрынх нь болон бусад холбогдох байгууллагын камерыг шүүж тандалт судалгаа хийлээ. Энэ бол маш хариуцлагагүй үйлдэл.
Өнөөдрийн байдлаар 469 тохиолдлыг тусгаарлан хяналтад аваад байгаа.. Нийт 255 сэжигтэй тохиолдлоос шинжилгээ авсан." гэв.