Хөдөө гэрт хийсвэр хагалгааг амжилттай хийжээ
Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн клиникийн эмч нар хөдөө айлд хийсвэр хагалгааг амжилттай хийжээ.
Тодруулбал, өнгөрөгч сарын 23-24-нд шилжих шөнө Уянга сумын “Бөөрөлжүүтийн мээтэн” хэмээх газраас “Жирэмсэн эх ихэс ховхрон цус алдлаа” гэх дуудлага сумын Эрүүл мэндийн төвд ирсэн байна. Яаралтай дуудлагын дагуу сумын эмч нар очиж, эхийн байдлыг үнэлээд тээвэрлэх боломжгүй байсан тул аймгийн БОЭТ-ийн эх барихын хагалгааны багийг дуудан улмаар хийсвэр хагалгааг гэрт нь хийж, эх, хүүхдийн амь насыг аварчээ.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авсан уг эмэгтэй 37 настай бөгөөд дөрөв дэх төрөлт нь юм. Харин аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн хамт олон жилд наад зах нь нэг удаа хийсвэр хагалгааг хөдөө, орон нутагт хийдэг байна.