Я.Буянжаргал: Москва-УБ, Берлин-УБ, Нурсултан-УБ-ын нислэгээр ирсэн 76 иргэнийг ажиглалтад авахаар тусгаарлалаа
COVID-19 халдварын тохиолдол гарахаас урьдчилан сэргийлэх болон ажиглалт, тусгаарлалтад авч буй нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээллээ.
Тэрбээр "Маргааш хот хоорондын хөдөлгөөнийг нээхтэй холбогдуулан бэлтгэл ажлуудыг хангаж байна. Ингэхдээ сумдын эмнэлгүүд, бүсийн оношилгооны төвүүдээс зам дагуу шаардлагатай тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх баг бэлдсэн.
Батлан хамгаалах яамны Багабаян дахь амралтын газарт тусгаарлах байрыг бэлдлээ. Өнөөдөр өглөө Москва-Улаанбаатар, Нур-Султан-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцноос 76 иргэнийг тэнд ажиглалтад авсан.
Алтанбулаг, Сүхбаатарын боомт дээр ОХУ-аар дамжин Япон, Солонгос улсаас ирсэн иргэдийг тусгаарлан ажиглалтад авч байна. Өчигдөр Нарлаг-Монгол галт тэргээр ирсэн иргэдийн биеийн байдлыг үзэж, тусгаарлах шаардлагатай иргэдийг ажиглалтад авлаа.
Хэрэв Сэлэнгэ аймагт ачаалал нэмэгдээд байвал Дархан-Уул аймагт тусгаарлахаар байруудыг бэлдэж байна.
Одоогоор 335 иргэн ажиглалтад буй бөгөөд тэдгээр иргэний нэг нь ч ямар нэгэн төлбөр төлөөгүй"гэв.