О.Ариунтуяа: БНСУ өдөрт дунджаар 11 мянган хүнд шинжилгээ хийж байна
ЭМЯ-наас коронавирусийн цаг үeийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан О.Ариунтуяа "Гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар COVID-19 халдварын тохиолдол 1,739-өөр нэмэгдсэнээр нийтдээ 87,137 тохиолдол бүртгэгдсэн. Мөн 53 нас баралт нэмэгдсэнээр 2,977 хүн энэ өвчлөлийн улмаас нас барсан.
БНСУ-д хоногт 586 тохиолдлоор нэмэгдлээ. Өмнөд Солонгос халдварыг илрүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Өдөрт дунджаар 11 мянган хүнд шинжилгээ хийж байна. Анх нэг хүн халдвар авч 16 хүнд халдвар тарааснаар 2200 хүнтэй голомт үүсгэсэн.
БНСУ-д гарсан нийт тохиолдлын 85 орчим хувь Тэгү хотод байгаа юм. Тус улсад зургаан голомт байгаагаас хамгийн том нь Шинчожи сүмийн голомт бөгөөд үлдсэн таван голомттой холбоотой эсэхийг судалж байгаа юм.
Сүүлийн мэдээгээр Италид зорчсон өгүүлэмжтэй тохиолдол Чех, Шотланд зэрэг улсад COVID-19 бүртгэгдлээ.
Бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл 38 оронд гадаад улсаас зорчсон өгүүлэмжтэй хүмүүс байгаа бол 20-оод оронд дотоод дэгдэлтээс халдварч авч байна.
Италид 1,694 тохиолдолд, 34 нас баралт гарсан. Дэгдэлт гарсан гурван бүсэнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёр долоо хоногийн хугацаанд түр хаасан.
Мөн Иранд 978 тохиолдол бүртгэгдсэн ба нас баралтын түвшингээр БНХАУ-ын дараа орж байна. " гэв.