ЭМЯ: Covid-19 халдвартай нэг хүн 384 хүнд халдвар тараах өндөр магадлалтай
Шинэ коронавирусийн талаар ЭМЯ мэдээлж байна.
"БНСУ-ын дөрвөн муж, зургаан хотод халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа"
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар дэлхийн 29 оронд шинэ коронавирусийн халдвар тарсан байна.
БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна гэдгийг ДЭМБ, эрдэмтэн судлаачид анхааруулж байна.
Монголчуудын ихэвчлэн зорчдог Япон, БНСУ, Сингапур зэрэг улсаас гадна Иран улсад нөхцөл байдал хүндрэлтэй болоод байна. Түүнчлэн БНСУ-ын дөрвөн муж, зургаан хотод халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа.
Дэгү хотын иргэн сүмд залбирал үйлдэж, эмнэлэгт хандсанаас болж ийнхүү халдварын тохиолдол нэмэгдээд байгаа. Нэг хүнээс маш олон хүнд халдвар тархаж болдог гэдгийг энэ үйл явдал харуулж байна.
Эрдэмтэн, судлаачдын тооцооллоор нэг хүн халдвар авахад цаашид таван хүнд нэг дор тарааж, таван үе дамжихад 384 хүнд халдвар тарааж болох юм гэсэн судалгааг хийж байна." гэв.
"Манай улсад шинэ коронавирус зөөвөрлөгдөн ирэх эрсдэл өндөр байна"
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал " Байнгын хороо, Засгийн газар, УИХ-ын чуулганаар гадаад улсуудын нөхцөл байдлын мэдээллийг өгч, авах сургамжийн талаар ярилцсан. Эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Нийгмийн эрүүл мэндийн байдлын үнэлгээг таван удаа хийсний эцэст коронавирус манай улсад зөөвөрлөгдөн ирэх эрсдэл өндөр байна гэж гарсан.
Хэрэв эрсдэл үүсвэл хохирол багатай даван туулах тооцоог хийж, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Коронавирусийн халдварыг тодорхойлох оношлуурыг ДЭМБ, Япон улсын Халдварт өвчин судлалын хүрээлэнгээс авсан бөгөөд хангалттай хүрэлцээтэй байгаа" гэв
ШУУД ҮЗЭХ: