УГТЭ харвалт, шигдээсийн нэгж байгуулах чиглэлээр зарим дүүргийн эмнэлгүүдтэй ХАМТРАН ажиллана
2020 оны 02 дугаар сарын 21-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг, “Баянзүрх эмнэлэг” ХХК, Сонгино хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгүүдтэй тархины харвалт, зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээний чиглэлд хамтран ажиллахаар “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулж, гарын үсэг зурлаа.
Тус эмнэлэг нь тархины харвалт, зүрхний шигдээсийн төрөлжсөн мэргэшлийн чиглэлүүдээр Монгол улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэн, энэ чиглэлийн эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байран дээр мэргэшүүлж сургах, эрүүл мэндийн бусад байгууллагуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг хүлээн ажилладаг билээ.
Энэхүү үндсэн үүргийн дагуу уг хамтын ажиллагааны хүрээнд тус эмнэлэг хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа зүрх судасны өвчлөл, түүний хүндрэл болох тархины харвалт, зүрхний шигдээсийн өвчлөлөөс үүдэлтэй нас баралтыг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн салбарын хэмжээнд бодлогоор хэрэгжүүлж буй нийслэлийн дүүрэг, зарим орон нутгийн эмнэлгүүдэд “Харвалт, шигдээсийн нэгж байгуулах” зорилтот үйл ажиллагааг тусламж, үйлчилгээний зохион байгуулалт болон хүний нөөцийг бэлтгэх бүхий л чиглэлүүдээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллах юм.
Тус эмнэлгийн зүгээс дээрх дүүргийн эмнэлгүүдэд цаашид тархины харвалт, зүрхний шигдээсийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх өндөр үр дүнтэй тогтолцоог зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, тухайн чиглэлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг өөрийн эмнэлэг дээр сургаж дадлагажуулж мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, зүрх судасны өвчлөлийн талаарх тандалт судалгааны мэдээллийг хамтран хуваалцан, хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа зүрх судасны өвчлөл, түүний хүндрэл, нас баралтыг бууруулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж хамтран ажиллах болно.