Өчигдөр коронавирусийн сэжигтэй тохиолдол хоёр илэрч ХӨСҮТ-д нэг, Завханд дахин нэг хүн тусгаарлагджээ
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэжигтэй тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийсэн болон хүмүүсийн биеийн байдлын талаар мэдээлэв.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар нийт 170 гаруй сэжигтэй тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийсэн, COVID-19 тохиолдол илрээгүй. Одоогийн байдлаар Замын-Үүдэд 103 хүн ажиглалтад, нэг хүн тусгаарлалтад, Гашуунсухайтад 12 хүн тусгаарласан. 2020 оны 2 сарын 19-нд Завхан аймагт нэг хүнийг тусгаарласан. Мөн Тианьжин хотод сурдаг оюутныг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авч байна. Замын-Үүдэд байгаа 103 хүнийг гурван зочид буудалд байрлуулан ажиглаж байна. Сэжигтэй тохиолдлыг 14 хоног тусгаарлана" гэв.
Мэргэжлийн 20 гаруй байгууллага хамтран хийсэн үнэлгээгээр хэрэв уг өвчин манай улсад орж ирвэл тархах өндөр эрсдэлтэй байна гэж үзжээ. Хэдийгээр БНХАУ-ын Ухань хотод байдал тогтворжиж байгаа хэдий ч дэлхий нийтэд тархах эрсдэл байгааг ДЭМБ анхааруулсан байна.